logo
Олимпын эрх авсан тамирчид

Олимпын эрх авсан тамирчид

2012/07/06
Дэлхийн олон үндэстэн угсаатныг нэгэн дээвэр дор, эв найрамдлын дунд нэгтгэж чаддаг олимпийн наадам эхлэхэд хэдхэн сарын хугацаа үлджээ. Монголчуудын хувьд 1968 онд чөлөөт бөхийн төрлөөр олимпын анхны хүрэл медаль хүртэж түүний түүчээ өнгөрсөн Бээжингийн олимпод анхны аваргаа өлгийдөн авсан юм. Тамирчдын хувьд олимпын эрх олгох тэмцээн уралдаанд хэдий нь оролцоод одоогоор 29 тамирчин Лондонгийн олимпыг зорихоор болжээ.

Хамгийн анхны олимпын эрх
"Лондон 2012" олимпын наадмыг зорих эрхийг хамгийн түрүүнд монголын шилдэг марафонч ОУХМ Б.Сэр-Од хүртсэн юм. Түүний хувьд Лондонгийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож тэмцээний 42 км 175 метр зайг 2 цаг 11 минут 35 секундын амжилттай туулж есдүгээр байрт шалгаран эрхээ өвөртөлж чадсан. Харин Афин, Бээжингийн олимпд улсаа төлөөлөн оролцож байсан хөнгөн атлетикийн тамирчин Л.Отгонбаяр гуравдахь олимпдоо оролцохоор болсон. Тэрээр олон улсын хөнгөн атлетикийн холбооноос зохион байгуулдаг "Golden Label" буюу алтан чансааны зэрэглэл бүхий Прагын марафонд оролцож, 2 цаг 39 минут 51 секундын амжилтаар ОУХАХ-ы болзолын дагуу "Б" зэрэглэлийн буюу олимпын эрхийн болзолыг хангасан юм.

Буудлагынхан хоёр эрхтэй
АНУ-ын Форт Беннин хотноо болсон буудлага спортын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны эмэгтэйчүүдийн 25 метрийн дасгалд олимпын мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар маань мөнгөн медаль хүртэж "Лондон-2012" спортын их наадамд цэц мэргэнээ сорихоор болсон. Түүний хувьд хамгийн анх 1996 онд болсон "Атлантида", 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпод оролцож байсан туршлагатай нэгэн. Хамгийн сүүлд л гэхэд 2008 оны Бээжингийн олимпод 25 метрийн спорт гар бууны төрөлд мөнгөн медаль хүртэж элэг нэгтнүүдээ баярлуулсан. Харин эрэгтэйчүүдээс ОУХМ Ж.Баяраа эрэгтэйчүүдийн урт бууны төрөлд оролцож олимпыг зорих эрхтэй болсон.

20 жил хүлээсэн олимпын эрх
Өнгөрсөн долдугаар сарын 3-10 ны хооронд Ираны Турин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Ж.Гантөгс нийт 82 орны тамирчидтай 90,70,50,30 гэсэн дөрвийн зайд өрсөлдөж, шөвгийн 16-д шалгарч чадсан. Түүний дараа шөвгийн 16- д Канадын тамирчин Жейсон Льонтой өрсөлдсөн ч тэрээр 6.0 харьцаатай ялагдал хүлээсэн ч , тэмцээний дүрмийн дагуу өмнөх өрсөлдсөн тамирчид нь хэдий нь олимпын эрхээ халаасласан байсан учир Ж.Гантөгсийн хувьд эрхээ авч чадсан. Байт харвааны эрэгтэй тамирчдын хувьд 1980 оноос хойш олимпын наадамд оролцоогүй. Ийнхүү Лондонгийн олимпод оролцож олон жил хүлээлгэсэн түүхийг шинэчлэх нь. Мөн эмэгтэйчүүдээс Ж.Урантунгалаг Ираны нийслэл Тегеран хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож шигшээ харваанд Шри Ланка улсын тамирчин Дилхара Салгодог, мөн Ираны Серех Асадиг итгэл төгс ялж 609 оноогоор тэргүүлж олимпын эрхээ авсан. Монголын эмэгтэй байт харваачдын хувьд 1996 оны Атлантидагийн олимпоос хойш оролцоогүй олимп өнжсөн байтын буухиаг дахин эхлүүлэхээр болжээ.

Ширэн бээлийтнүүд дөрвөн жинд
Бээжингийн олимпын мөнгөн медальт,хөдөлмөрийн баатар П.Сэрдамба Азербайжаны нийслэл Баку хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож хүрэл медаль хүртэн "Лондон-2012"-ийг зорих эрхтэй болсон. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан амжилт нь түүнд дэлхийн аваргын "Хос медалтан" гэсэн эрхэм алдрыг хүртээсэн билээ. Мөн Монголын боксын спортыг, тэр дундаа тамирчдыг гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэгүйгээр төсөөлөхөд бэрх. Афины олимпод 60 кг-ын жинд оролцож, Бээжингийн олимпод 64 кг-ын жинд тулалдаж байсан түүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон ч медалийн төлөөх тоглолтод Европын аварга бөхтэй тулалдаж ялагдал хүлээсэн. Гэсэн ч тэр Лондонгийн олимпыг зорих эрхтэй болсон. Харин олимпын эрх олгох боксын сүүлийн тулаан буюу Казахстаны нийслэл Астана хотноо болсон Азийн ширэн бээлтийтнүүдийн олимпын эрхийн сүүлийн тулаанд Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт 52 кг-д итгэл төгс тулалдаж олимпын эрхийн болзолоо хангасан юм. Мөн энэхүү тэмцээний 69 кг-ын жинд тулалдсан олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат хагас шигшээ тоглолтод БНСУ-ын тамирчин Ким Жун Вонтой тоглож 29:17 харьцаатай өрсөлдөгчөө буулган авснаар мөнгөн медалийн болзол хангаж Лондонгийн олимпыг зорих болсон

Усан спортынхон цагаан хуудсаар орно
Олон улсын усан спортын холбооноос Монголын шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй нэг тамирчинд олимпын эрхийн цагаан хуудас олголоо. Харин Монголын усан спортын холбооноос энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээний амжилтыг үндэслэн спортын мастер А.Тамир, спортын дэд мастер Г.Оюунгэрэл нарт уг эрхийг шилжүүлсэн юм. Г.Оюунгэрэлийн хувьд анх удаагаа орж байгаа бол А.Тамирын хувьд урьд нь Афин 2004 -д орж байсан туршлагатай билээ.

Чөлөөтийн эмэгтэйчүүд бүтэн багаараа
Туркийн Станбул хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчдаас 63 кг-ын жинд өрсөлдсөн О.Насанбурмаа хүрэл медаль хүртэж Лондонгийн олимпыг зорих эрхтэй болсон. Харин чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн сүүлийн сонгон шалгаруулах тэмцээн Хятадын Таньюань хотод болж эмэгтэйчүүдээс 48 кг-д хүч үзсэн дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Отгонцэцэг, 51 кг-д хүч үзсэн С.Бямбацэрэн, 72 кг-д өрсөлдсөн Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа нар өрсөлдөгч бөхчүүдээ дарааллан өвдөг сөхрүүлж бүтэн багаараа Лондонгийн олимпыг зорих боллоо.

Чөлөөтийн эрчүүд дөрвөн жинд
Станбулын чөлөөтийн дэвжээнээс олимпын эрх өвөртөлсөн хоёрдахь тамирчин. Ж.Чулуунбатын хувьд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэгдүгээр тойрогт Оросын Б.Маховтад ялагдаж дагах барилдаанд Армяны бөх Басаевийг, дараа нь Грекийн Ионнис Арзумандисийг ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд Азербайжаны Жамилдан Магомедовтай барилдаж ялагдал хүлээн тавдугаар байрт шалгарч, олимпын эрхийн болзол хангасанюм. Түүний хувьд мөн хамгийн анхны олимпын наадам нь юм. Түүний дараа Хятадын Таньюань хотноо болсон олимпын эрхийн сонгон шалгаруулах тэмцээнд 74 кг-ын жинд оролцсон олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат түрүүлж алтан медаль, олимпын эрхээ өөрийн болгож чадсан. Харин чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тулаанд оролцсон тамирчдаас 55 кг-д барилдсан Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар өрсөлдөгч бөхчүүдээ, ур ухаан, хүч чадлаар илүүрхэж дөрвөн жил хүлээсэн олимпын наадмаа зорих эрхтэй болсон. Мөн энэ тэмцээний 84 кг-д барилдсан О.Үйтүмэн энэхүү тэмцээнд үнэхээр илүү байж мөнгөн медаль хүртэн зуны 30 дугаар олимпыг зорихоор болсон.

Жүдочид олимпын есөн эрхтэй
Олон улсын жүдо бөхийн холбооноос олимпын эрх авсан тамирчдыг зарласан. Нийт 252 жүдочдоос эрэгтэйчүүдийн эхний 22, эмэгтэйчүүдийн мөн эхний 14дүгээр байр эзэлсэн тамирчид шууд эрхээ хүртэх учиртай. Манай шигшээ багийн тамирчид нийт найман жинд давхардсан тоогоор 12 тамирчин олимпыг зорих эрхтэй болсон байна. Харин үндсэн найман жинд хэн гэгч тамирчин илгээхийг Монголын үндэсний олимпын хороо албан ёсоор зарлах аж. Мөн олон улсын олимпын хорооноос ОУХМ Д.Сумъяад олимпын эрх олгосон. Эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг 690 оноогоор дэлхийд чансаагаар тавд, 52 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин М.Бундмаа 1302 оноогоор чансаагаар хоёрт, 63 кг-д Ц.Мөнхзаяа 814 оноогоор долдугаар байрт бичигдсэн бол -78 кг-ын жинд өрсөлдөх П.Лхамдэгд 900 оноогоор долдугаар байрт бичигдэж олимпын эрхээ хүртжээ. Эмэгтэйчүүдийн хувьд ийнхүү давхардсан тоо байхгүй юм. Харин эрэгтэйчүүдийн хувьд жаахан хүндхэн даваа биднийг хүлээж байна. Учир нь 60 кг-д л гэхэд Д.Төмөрхүлэг 596 оноогоор есдүгээр байрт, Г.Болдбаатарын хувьд 594 оноогоор 12-т, Ч.Болдбаатар 550 оноогоор 15 дугаар байрт тус тус бичигдсэн байна. Ойролцоо оноотой тамирчдын хувьд хэн нь олимпод явах нь бас л тодорхойгүй. Мөн 66 кг-ын жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьят тамирчин Х.Цагаанбаатар 1164 оноогоор хоёрдугаар байрт, С.Мияарагчаагийн хувьд 890 оноогоор чансаагаар есдүгээр байрт шалгарсан байх юм. Харин -100 кг-д олимпын аварга Н.Түвшинбаяр 896 оноотой тавдугаар байрт явж буй бол, Б.Тэмүүлэнгийн хувьд 622 оноогоор 13 дугаар байрт эрэмблэгджээ. Харин 73 кг-ын жинд С.Ням-Очир 860 оноогоор тавдугаар байрт жагсаж олимпын эрхийн болзол хангасан байгаа юм. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш