logo
Аргентины дарангуйлагч асныг 50 жил хорих болов

Аргентины дарангуйлагч асныг 50 жил хорих болов

2012/07/07
Аргентины дарангуйлагч асан Хорхе Виделад өөрийн улс төрийн сөрөг хүчнийхний бага насны хүүхдүүдийг системтэйгээр хулгайлдаг байсан гэж тус улсын шүүх 50 жил шоронд хорих ял оноожээ.
Энэ ял Аргентины хуучин эрх баригчийн амьдралыг бараг өөрчлөхгүй юм. Учир нь 87 настай Видела хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө 2010 оны 12 дугаар сард бүх насаараа хорих ял шийтгүүлсэн билээ. 1976-1981 оны цэргийн дарангуйллын үеэр "бохир дайн" гэж алдаршсан, дотоодын сөрөг хүчнийг харгислан дарах бодлого хэрэгжсэн байна. Янз бүрийн мэдээгээр, энэ үед 30 мянга орчим хүний амь эрсэджээ.
Аргентины шүүх 10 хүртэлх насны хүүхдүүдийг хууль бусаар хулгайлсан, хүчээр хорьж байсан, хувийн хэргийг нь, тухайлбал, овог нэрийг нь өөрчилсөн олон тохиолдлыг судалсан байна. Тэр хүүхдүүд бүгд Виделагийн улс төрийн сөрөг хүчнийхний хүүхдүүд байжээ. Энэ гэмт хэргийг дарангуйлагчийн тушаалаар системтэйгээр үйлдэж байсныг шүүх тогтоосон байна.
Виделагийн хамт өөр 10 хүн, тэдний дотор, Аргентины сүүлчийн дарангуйлагч, 1982-1983 онд төр барьж байсан Рейнальдо Биньоне олон жил хорих ял шийтгүүлжээ. Тэрбээр мөн хүүхэд хулгайлсан хэрэгт холбоотой болох нь тогтоогдсон байна.
З.Амгалан 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш