logo
Хамгаалалтын хувцасгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

Хамгаалалтын хувцасгүй хүүхдийг уралдаанд оролцуулахгүй

2012/07/07
Хурдан морины нуруун дээр цамцаа дэрвүүлэн гийнгоолох улаан хацартай жаалуудгүйгээр дэлхийд ганцхан монгол наадмыг төсөөлөх аргагүй. Гадныхан ийм жаахан амьтдаар хурдан морь унуулдаг мөн тэнэг улсаа гэж биднийг гайхан, унаач хүүхдүүдийг биширдэг гэсэн. Нэг талаас унаач хүүхдүүдийн амь нас, аюулгүй байдалтай холбоотойгоор хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн нэг гэж тодорхойлогддог ч нөгөө талаас монгол наадмын салшгүй нэг хэсэг гэдэг утгаар нь хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, цалин урамшууллыг сайжруулах шаардлагатай байгаа. Монгол Улсын Шадар сайдын 2010 оны 38 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө газрын даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” стандартын төслийг боловсруулж, 2012 оны 2 сарын 1-с эхлэн мөрдөж эхэлжээ. Наадмын өдрүүдэд үндэсний хэмжээнд хүүхдийн байгууллагын ажилтнууд унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд хяналт тавих, хүүхэд хамгааллын асуудлаар нөлөөлөл сурталчилгааны ажил зохион байгуулж унаач хүүхэд болон уяачдад зориулсан тараах материал гарын авлагаар хангах юм байна. Стандарт мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотой хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хамгаалалтын хувцас хэрэгсэлгүй уралдаанд оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргажээ. Хурдан морь унахаар уралдаанд ирж байгаа хүүхэд бүр ослын даатгалд хамрагдсан байх бөгөөд даатгалд хамрагдаагүй хүүхдийг бүртгэл дээр шууд даатгалын компаниуд бүртгэн ажиллах аж. Хурдан морь унаач хүүхдийн стандартад нийцсэн хувцас хэрэгслийн нийлүүлэлтийг Морин спорт уяачдын холбоо хариуцан 40,000 төгрөгийн үнэ бүхий 3000 ширхэг хамгаалалтын малгай, тохойвч өвдөгний хамгаалалтын хамт захиалан олон нийтэд түгээж эхэлжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш