logo
Зургаа дахь удаагийн УИХ-ын чуулган эхэлж, гишүүд тангарагаа өргөлөө

Зургаа дахь удаагийн УИХ-ын чуулган эхэлж, гишүүд тангарагаа өргөлөө

2012/07/07
Төр оршихуйн үндэс нь хуулийн хэрэгжилт
Өчигдөр Төрийн ордонд Монгол Улсын Их Хурлын чуулган үдээс өмнө 10.00 цагийн орчимд эхлэв.  УИХ-ын чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрээр, төр оршихуйн үндэс бол хуулийн хэрэгжилт юм хэмээгээд Монголын ард түмэн ардчилсан, шинэ Үндсэн хуулийнхаа дагуу зургаа дахь удаагаа чөлөөт сонголтоо хийж, хууль тогтоох байгууллагаа бүрэлдүүлэх дээд шийдвэрээ гаргалаа гэсэн юм. 
Ерөнхийлөгч цааш нь хэлэхдээ, олон мянган төрийн албан хаагчид хуулийг хэрэгжүүлж ажиллалаа. Сонгуулийн шат шатны байгууллагууд сонгуулийн дүнг нэгтгэж, Сонгуулийн Ерөнхий Хороо Улсын Их Хуралд шинээр сонгогдсон гишүүдийн нэрсийг надад өргөн барилаа.  Манай сонгогчдын энэ удаагийн сонголт тэдний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байж чадсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийн төлөөлөл болсон та бүхэн ч цаг алдалгүй бүрэн эрхээ хэрэгжүүлж шуурхай ажиллах шаардлага байгаа.
Ингээд Монгол Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган нээснийг мэдэгдье гэснээр Төрийн ордны Улсын Их Хурлын чуулганы танхимд чуулган эхэлсэн юм.
Анхдугаар чуулганд парламентад суудалтай бүх нам, эвслийн төлөөлөл, бие даагчид хүрэлцэн ирж оролцлоо. УИХ-д олон суудал авсан АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимын баруун жигүүрт, МАН-ын бүлгийн гишүүд зүүн жигүүрт байрласан байв. Мөн МАХН-МҮАН-ын шударга ёс эвслээс нэр дэвшиж сонгогдсон гишүүд ч байраа эзэлсэн байлаа.

СЕХ-ны танилцуулга
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав УИХ-ын 2012 оны сонгуулийг зохион байгуулах ажил, үйл явц, үр дүнгийн талаар эхлээд мэдээлж, шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг зөвшөөрөх талаар танилцуулсан юм.
Үүний дараа таван гишүүн асуулт асуухаар болсон бөгөөд УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин анхны асуултыг тавьсан. Тэрээр, СЕХ-ноос түр үнэмлэхээ авсан Өвөрхангайн хоёр гишүүнийг хассан талаар тодруулж, Хэнтий, Архангай, Орхон аймаг, Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт гар тооллого явуулах асуудлыг тойргууд шийдэх эсэх болон СЕХ-ны 60 дугаар тогтоолоор баталсан удирдамжаар санал тооллогын дараа хуудсыг хүчинтэй, хүчингүй гэж ялгана гэснийг яагаад өөрчилсөн болохыг асуусан. Тэрээр хүчингүй гэгдсэн хуудсууд хаачсан байж болохыг тодруулж, Баянхонгор аймгийн тойргийн хороонд нэр дэвшигчид зөрчил гаргасан талаарх мэдээллийг яагаад хэлэлцэхгүй байгаа вэ гэдгийг мөн асууж байсан.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав, хүчингүй болсон хуудас зэргийг тойргийн хороод шийднэ. СЕХ шүүхийн асуудлыг хэлэлцэхгүй. Гараар тоолох санал олон гарсан. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд, сонгуулийн дүн гарснаас хойш дахин гараар тоолох асуудал зохицуулагдаагүй байна. Иймд уг асуудлыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн гэлээ. Харин 60 дугаар тогтоолыг өөрчлөх тогтоол нь СЕХ-ны бүрэн эрхийн хүрээнд гаргасан тогтоол юм гэж хариулсан. СЕХ үүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэж байлаа. Баянхонгорын тойргийн тухайд, хууль зөрчсөн гэдгийг зөвхөн шүүхийн шийдвэрээр тогтоодог. Өвөрхангайгаас бусад тойрог дээр шүүхийн шийдвэр гараагүй байгаа, хяналтын тооллогын дүнд машины дүн, гар тооллогын дүн зөрөөгүй гэх зэргээр Н.Лувсанжав дарга хариулсан юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва нар сонгуулийн явцын үед гарсан зөрчил маргаануудыг хэрхэх талаар асууж, тодруулж байлаа. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, СЕХ асуултад тодорхой хариулахгүй, иймэрхүү бөөрөнхийлсөн байдлаар яриад байдаг гэж шүүмжилж байсан. УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг мөн асуулт тавьсан бөгөөд мөнгө, архи тараасан асуудлуудад СЕХ ингэж хайхрамжгүй хандах юм бол дараагийн сонгуулиар мөнгө тараах нь хамгийн сайн арга гэж нэр дэвшигчид үзэж болохыг хэлж байлаа. Ингээд асуулт хариулт өндөрлөсөн юм.

Шинэ гишүүдийн тангараг өргөх ёслол
Дараа нь УИХ-ын шинэ гишүүд тангараг өргөх ёслол боллоо. Хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл тангаргийн үгийг дуудан уншиж, бусад гишүүн дагаж уншсан юм.
Үүний дараа УИХ-ын шинэ гишүүд Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, тангаргийн хуудсанд гарын үсгээ зурах ёслолыг үйлдсэн бөгөөд нэрсийг нь цагаан толгойн үсгийн дарааллаар Ерөнхийлөгч дуудаж байв. УИХ-ын гишүүд хоёр хоёроороо индрийн өмнө гарч ирж, төрийн сүлдэндээ мэхийн хүндэтгэл үзүүлээд, төрийн далбаанаас адис авсны дараа тангаргийн бичигт гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ ээлж дараалан авч энгэртээ зүүсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг ёслолын дараа хэлэхдээ, хууль, шударга ёсны хэлбэрэлтгүй хэрэгжилтийг гишүүн бүрээс ард иргэд хүлээж байгаа. Та бүхэн улс орон, ард түмнийхээ өмнө тулгамдсан асуудлуудыг шийдэхээ илэрхийлсэн. Үүрэг, зорилгоо умарталгүй төр, түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр ажиллана гэдэгт найдаж байна гэсэн юм. Энэ үеэр танхимд Төрийн дуулал эгшиглэж, гишүүд босч хүндэтгэл үзүүлсэн.

УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн дагуу УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл чуулганы анхдугаар хуралдааныг даргалж, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулсан. Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүдийн нэрсийг нэгбүрчлэн уншиж дуусахад 69 гишүүн байлаа.
Эдгээр 69 гишүүний бүрэн эрхийг УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаанд оролцсон 69 гишүүн 100 хувь зөвшөөрч, гар өргөн баталснаар тэдний бүрэн эрх баталгаажсан.
УИХ-ын чуулганы анхдугаар хуралдааныг удирдсан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ, өнөөдөр Монгол төрийн дээд эрх мэдэл УИХ-д шинээр сонгогдсон гишүүдэд шилжиж байна гээд, та бидний хууль тогтоох, төрийн бодлого тодорхойлох үйл ажиллагаанаас улс орны амьдрал шалтгаална. Энэхүү нэр төртэй үйлсийг хариуцлагатайгаар биелүүлж ажиллана гэдэгт Та бүхэнд итгэж байна гэсэн юм. Ингээд тэрээр УИХ-ын даргын, хуралдаан даргалагчийн алхаа цохисноор анхдугаар хуралдаан өндөрлөлөө. Үлдсэн гишүүдийн бүрэн эрхийн асуудлыг тухайн цагт нь шийдвэрлэх юм байна.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш