logo
Хиллари Клинтон манай оронд ирнэ

Хиллари Клинтон манай оронд ирнэ

2012/07/07
Манай улсын тэргүүлдэг Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хүрээнд энэ сарын 8, 9-нд Улаанбаатар хотноо Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалт болон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал болох гэж байна. Энэ хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон манай улсад айлчлах гэж байгаа талаар Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдээллээ.
Монгол Улс 2011 оны долдугаар сарын 1-нээс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг хоёр жилийн хугацаанд даргалах хүндтэй үүргийг хүлээсэн билээ. Өнгөрсөн хугацаанд олон үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ удаад Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах болоод байна. Энэ сарын 8-нд эхлэх уг уулзалтад салбар бүрийн манлайлагч 100 гаруй төлөөлөгчийг урилгаар оролцуулах юм. Үүнээс 80 гаруй нь манай улсын төлөөлөл байх бол гадаадын төр, засаг, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудаас өндөр нэр хүндтэй 20 шахам төлөөлөл ирж оролцохоо мэдэгджээ.
Чуулга уулзалтын зорилго нь ардчилсан нийгэм дэх эмэгтэйчүүдийн манлайллын ач холбогдлын талаарх ойлголтыг төлөвшүүлэх, Монголын эмэгтэй удирдагчидтай сайн туршлагаа хуваалцахад оршиж байгаа ажээ.
Чуулга уулзалтад Киргизийн Ерөнхийлөгч асан Роза Отунбаева, Косовогийн Ерөнхий сайдын орлогч Эдита Тахира, Канадын Ерөнхий сайд асан Ким Камбелл, Эстонийн Гадаад хэргийн сайд Урмас Паэт, Албанийн парламентын гишүүн Албана Волкше, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын орлогч Кьюн-ва Канг, зэрэг нэр хүндтэй хүмүүс ирэх нь.
Энэ сарын 9-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хурал болох бөгөөд уг хуралд оролцохоор АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтон Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын урилгаар айлчлах гэж байгаа юм байна. Тэрбээр уг хуралд оролцохын зэрэгцээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, төрийн дээд хэмжээний яриа хэлэлцээ хийх юм байна.
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд одоогийн байдлаар Удирдах зөвлөлийн 25 гишүүн орны 17-гоос нь албаны хүмүүс ирэхээ нотолжээ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш