logo
Монгол Улс дэлхийд анх “гадаад паспорт”-ыг санаачилжээ

Монгол Улс дэлхийд анх “гадаад паспорт”-ыг санаачилжээ

2011/06/29
Монгол улс дэлхийд хамгийн анх дипломат харилцааны хэрэглүүр болох гадаад паспортыг хэрэглээнд гаргажээ. Тухайн үедээ гэрэгэ хэмээн нэрлэгдэж байсан энэхүү зүйл нь Монгол төрийн элчийн итгэмжлэх жуух бичиг, халдашгүй дархан эрхийн баталгаа болж байсан бөгөөд эдүгээ НҮБ-ын төв байранд дурсгал болон хадгалагдаж байна. Энгийн модон пайзнаас эрдэнийн чулуун шигтгээт алт мөнгөн пайз зэрэг олон төрлийн гэрэгийг хэрэглэж ирсэн нь түүхийн сурвалж болон археологийн олдворуудаар батлагддаг юм. Худам монгол бичгээр олдоод байгаа цорын ганц хувилбар болох алтан гэрэгийг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн ажлын хүрээнд Монгол Улсын гадаад яаманд ёслол төгөлдөр залсан билээ. Днепр мөрний ойролцоогоос 1845 онд олдож, эдүгээ  ОХУ-ын Санктпетербург хотын Петр хааны цуглуулга музейд хадгалагдаж буй  түүний нүүрэн талд “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн ивээл дор”, ар талд нь  “Аугаа хааны зарлиг  хэн үл бишрэх  хүмүүн алдах, үхэх” хэмээн бичжээ. “Угтуул”, “Үтэр яаралтай”, “Зарлигаар довтлон морилох”  гэсэн тусгай тэмдэг бүхий  хааны пайзат  элч нар өртөөлөн явахдаа эхний өдөр 403 км, удаах өдөр нь 288 км газар хурдавчлан одох үүрэгтэйгээс гадна албанаас буцаж ирээд пайзаа хаанд өөрийн биеэр эгүүлэн барих дүрэмтэй байсан тухай манай нэрт түүхч судлаач Хөдөөгийн Пэрлээ агсан тэмдэглэн үлдээсэн байна. Иймэрхүү учир шалтгаануудаас үүдэн гэрэгэ нь Монгол Улсын дипломат албаны нэр төрийн бэлгэдэл болох нь зүй ёсны хэрэг юм хэмээн түүхийн ухааны доктор Б.Лхагва “Гэрэгэ хэмээх нэрийн судалгаа” өгүүлэлдээ дурдсан байдаг. 
Монгол Улсын Гадаад харилцааны яам Монгол Улсыг гадаадад сурталчилж, улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, урлаг, спорт болон нийгмийн бусад салбарт гадаад орнуудтай харилцах, гадаадад оршин суугаа Mонгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж, харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргасан гадаадын болон дотоодын хувь хүн, байгууллагуудад олгодог “Алтан гэрэгэ” хэмээх нэр хүндтэй шагналыг бий болгоод байгаа билээ.
Г.Бүрэн
www.shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш