logo
Х.Клинтон чуулга уулзалтыг хааж үг хэллээ

Х.Клинтон чуулга уулзалтыг хааж үг хэллээ

2012/07/10
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Р.Клинтоны албан ёсны айлчлал "Лэнд" арга хэмжээгээр үргэлжилж байна.
Хатагтай Хиллари Р.Клинтон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Есөн хөлт цагаан тугт танхимд дурсгалын зураг авахуулсаныхаа дараа Төрийн ордоны Их танхимд "Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын IV чуулга уулзалт"-ыг хааж үг хэллээ. Өчигдөр Гадаад харилцааны яаманд эхэлсэн чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Киргизийн Ерөнхийлөгч асан хатагтай Роза Отунбаева, Ардчиллын төлөөх үндэсний нийгэмлэгийн дарга ноён Ричард А.Гепхард нар үг хэлсэн. Чуулга уулзалтын хаалтыг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар удирдаж, Канадын Ерөнхий сайд асан Ким Камбэлл, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын орлогч Кьюн-ва Канг нар салбар хуралдааныг дүгнэн илтгэл тавьсаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Р.Клинтон үг хэлэв.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Эмэгтэйчүүдийн асуудал бол шударга ёс, хүний эрхийн асуудал юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хангасан орон тогтвортой, ардчилалтай байж чаддаг. Гэрийн ажилдаа түүртэхгүй байгаа эмэгтэй хүн төрийн ажилд түүртэхгүй гэж би хэлмээр байна. Өмнө нь УИХ-ын 76 гишүүний 3 нь эмэгтэй байсан бол сая болсон сонгуулиар есөн эмэгтэй УИХ-д сонгогдож чадлаа.
Хиллари Р.Клинтон өмнө нь тэргүүн хатагтай байхдаа манай улсад айлчилж байсан. Тэр айлчлал манай эмэгтэйчүүдэд маш их тусламж дэмжлэг үзүүлж, хоёр улсын харилцаанд чухал түлхэц болсон гэж дүгнэдэг юм.
Хиллари Р.Клинтоны бичсэн номоос би нэг хэсгийг хэлэх дуртай байдаг юм. "Ардчилал тогтох боломжгүй гэсэн орнуудад ардчилал ялж болохыг Монгол Улс харууллаа. Ардчилалд эргэлзэгчид Монголд ирцгээ гэж хэлье" гэж тэрбээр номдоо бичсэн байдаг. Би энэ үгийг давтаж эмэгтэйчүүдийн тэгш эрхэнд эргэлзэж, тэгш эрхийн чадварт эргэлзэж байгаа хүмүүс байвал Монголд ирцгээ гэж хэлмээр байна" гэлээ.
Үүний дараа хатагтай Хиллари Р.Клинтон үг хэлсэн юм. Тэрбээр "Би энэ үзэсгэлэнт улсад дахин ирж байгаадаа баяртай байна. Намайг айлчлахыг урьсан Гадаад харилцааны сайд Г.Занданшатарт, найрсагаар хүлээн авч байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон танай улсын иргэдэд талархлаа илэрхийлье. Мөн энэ индэр дээрээс "Эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаарх олон улсын IV чуулга уулзалт"-ыг хааж үг хэлж байгаадаа баяртай байна" гэсэн юм.
Одоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хатагтай Хиллари Р.Клинтон Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд АОХН-ийн Удирдах зөвлөлийн тусгай хуралдаанд оролцож байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш