logo
М.Энхсайхан ч юм уу Х.Баттулгад хөтлөгддөг улстөрийн хүчин байх ёсгүй

М.Энхсайхан ч юм уу Х.Баттулгад хөтлөгддөг улстөрийн хүчин байх ёсгүй

2012/07/10

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаттай уулзаж, одоо өрнөөд байгаа улстөрийн үйл явдлын тухай болон шинээр бүрдэх Засгийн газрын бүтцийн талаарх байр суурийг нь сонирхлоо.

-Удахгүй ҮЗХ-ны ху­рал болно. Хурал нэлээд ширүүхэн болж, намын удирдлагуудад хариуцлага тооцох асуудлыг ярина гэж УИХ-ын гишүүн Х.Баттулга ярилцлага өгсөн. Гэтэл танай намын дарга намыг ялалтад хүр­гэсэн хүн гэж таныг то­дор­хойллоо. Та­най нам дотооддоо зөр­чил­дөөнтэй байгаа юм биш үү?

-УИХ-ын гишүүн Х.Бат­тулга хувь хүнийхээ байр суурийг илэрхийлсэн. Хэн­бугай ч бай юу бодсоноо ярьдаг нь манай намынхны гэм биш зан шүү дээ. Хэн дуртай нь чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлээд явдаг. Би ч гэсэн байр сууриа илэрхийлж яагаад болохгүй гэж. Манай нам ялсан. Ганцхан олонх болж чадаагүй гэдэг нь туйлын үнэн.

Тиймээс  эрүүлээр сэт­­­гэж, ҮЗХ-ны хуралд асууд­лаа ярилцъя. Түүнээс Д.Эрдэнэбат, Х.Баттулгын хэн хэн нь асуудлыг шүүхгүй.

ҮЗХ-гоор нам сонгуульд хэрхэн оролцсон бэ. Бидний ололт юу байв. Алдаа нь юу байсан бэ. Олон суудал авч чадаагүй гэдгийг эрүүл өнцгөөс нь олж харах ёстой. Мэдээж хэн нэгнээсээ өө хайгаад байвал энэ нь буруу зам руу АН-ыг түлхэнэ. Юу ч болоогүй байхад хэн нэгэн хүн нь зөв, буруу гэж шүүмжилж ярих нь буруу. Нөгөө талаар Ерөнхий сайд, УИХ-ын даргыг тодруулах асуудал байна. Тэр яриад байгаа улстөрийн нам хү­чин, эвсэлтэй нэгдэх асууд­лыг тэртэй тэргүй ҮЗХ шийднэ. Нэгэнт намын тө­­лөөллийн байгууллага шийд­­дэг журмаараа шийдэх юмыг өнөөдөр хэн нэгэн хүн түрүүлж хэлэх эрхгүй.

-Гэхдээ АН МАХН-МҮАН-ын эвсэлтэй нэгдэнэ гэдэг асуудлыг УИХ-ын ги­­­шүүн Х.Баттулга ярьж бай­сан. Түүний хэлснээр та бүхэн эвсэх шийдвэрийг гаргачихлаа. АН-ын удирд­лагуудыг огц­руул­на гэдгээс ийм шийдвэр гаргачихлаа гэж ойлгож болох уу?

-Энэ бол эцсийн шийдвэр хараахан биш. ҮЗХ-д тавьж байгаа санал. ҮЗХ намын удирдлагаас өгсөн асуудлыг хүлээж авах уу, үгүй юу гэдгийг эцсийн шийдвэр болгож гаргана. Намын дарга намаа төлөөлдгийн хувьд эвслийг оруулах нь зөв юм гэдэг асуудлыг тавьсан. Гэхдээ ҮЗХ-ны хурал дээр асуудал яаж дэмжигдэхийг хэлж мэдэхгүй шүү дээ.

-Өмнөх парламентад МАН олонх байсан ч стан­дарт бусаар танай нам­тай эвсэж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэтэл танай нам олонх болчихоод МАН-тай эвсэх­гүй гэлээ. Аяганы хариу өдөртөө, агт­ны хариу жилдээ гэдэг үг байдаг даа?

-Манай намд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл эвсье гэдэг саналыг анх тавьсан. Анх санал тавьсан хүмүүстэй эхэлж ярилцъя гэж байгаа юм. Манай мөрийн хөтөлбөрт тусгасан хамгийн гол зүйл нь шударга ёс. Шударга ёсыг тогтоох, хариуцлага тоо­цох, төрд байхгүй болгох, авлигын сүлжээг арилгах, төрийн дарамтыг устгахад бид бүгдийг бүрэн дэмжиж оролцох улстөрийн хүчин бидэнд хэрэгтэй.

Энэ бол Монголын ард түмний хүлээлт. Түүнээс биш урьд нь энэ нам төрийн эрх барьж байсан. Манай намтай хамтарч ажилласан, гайгүй юм байна гэж ярихгүй. Бид зөвхөн ард түмний хүсч байгаа тэр ор­чинг бүрдүүлнэ. Нэн тэр­гүүнд ийм л улстөрийн хү­чинтэй бид нэгдэнэ.

-Ард түмний хүсэн хү­лээсэн улстөрийн хүчин гэдэг тодорхойлолтыг МАХН- МҮАН-ын “Шударга ёс” эвсэл бүрэн дүүрэн хангаж чадах хэрэг үү?

-Энэ тал дээр аль аль нь ойлголцох үүрэгтэй гэж бодож байна. Яагаад гэвэл, аль аль талдаа харь­цахад төвөгтэй асуудал байхгүй. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл ард түмний өмнө шударга ёсыг тогтооё гэж зарласан. Ийм улстөрийн хүчин өнөөдөр хэлсэндээ байж чадах уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулна.  Энэ нь ард түмний эрх ашигт нийцнэ.

Бас бид бүхний хийх гэж зориод байгаатай нэгдэнэ. Өөрөөр хэлбэл, хувь хүний  тухай ч юм уу, аль эсвэл ямар нэг албан тушаалын тухай ярих юм бол шал өөр зүйл болж хувирна л даа. Тэгэхээр өнөөдөр албан тушаал гэж ярихаасаа илүү зарчмын шийдлийг яаж зөв хийж чадах вэ гэдэгт хамтарч хийх хүсэл эрмэлзэлтэй тэр улстөрийн хүчин л байх ёстой.

-Нэгэн цагт “Том мод­ноос унасан навч хатдаг юм” гэж АН-аас хөөгдсөн М.Энхсайхантай үзэл бод­лын хувьд нэгдэх нь өнөөд­рийн хувьд тийм ойр­хон санагдахгүй байна?

-М.Энхсайхан ч гэдэг юм уу өөр хэн нэгний тухай яриагүй байна. Улстөрийн хүчний тухай асуудлыг өнөөдөр ярьж байна гэж ойлгож байна шүү дээ. Улстөрийн хүчин гэдэг бол нэг цөм бодлоготой нэгдсэн хүчин байх ёстой. Тэгэхээр хэн нэгэн, өөрийн чинь хэлдгээр М.Энхсайхан ч юм уу Х.Баттулгад хөтлөгдөж явдаг улстөрийн хүчин байх ёсгүй гэж бодож байна.

-МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийн ард Н.Энхбаяр, М.Энхсайхан байгаа гэдэг нь нийгэмд маш тодорхой байгаа. Тэд энэ эвслийг утсан хүүхэлдэй шиг хө­дөлгөж, улстөрийн акциа хийдэг шүү дээ?

-Тэрийг цаг хугацаа л харуулна гэж бодож байна. Бид нийгмийг эрүүлжүүлэх  нөхцөл бололцоог тавина. Тэдний зүгээс ямар нөхцөл бололцоо тавихыг бид тааж мэдэхгүй. Би ийм зүйлийн төлөө л явна.

-Ингэхэд таны албан тушаалаа өгч байгаа тань нэг талаасаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, З.Энхболд на­рын шахаасанд орчихсон болов уу гэдэг таамаглалыг төрүүлж байна?

-Үгүй ээ. Тэгж хэн нэгний шахаагаар ажлаа өгсөн зүйл алга. Ерөсөө л АН-ын хууль, дүрэм нь албан тушаалаа өгөх ёстой. Хамгийн гол нь би УИХ-ын гишүүнээр сонгогдчихлоо. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга давхар ажил, албан тушаал хаших ёсгүй. Тиймээс хувь хүнийхээ зүгээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ийм л нөхцөл бай­дал үүссэн.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга бүх асуудлыг зохицуулдаг албан тушаал шүү дээ. Санхүү мөнгөний асуудалд гарын үсэг зурна. Тэр зүйлээс миний бүх эрх түдгэлзсэн байх ёстой. Түүнээс биш албан тушаалаа өгөх эсэхийг хэнтэй ч зөв­лөлдөөгүй гэдгээ хэлье. На­мын даргатайгаа ч зөв­лөлдөөгүй.  Баасан гарагт өөрийн хүсэлтийг гаргасан. Дахин хэлэхэд ийм нөхцөл байдал хууль дүрэмдээ заагдсан учраас би ажлаа өгнө гэдгээ хэлсэн.

-Тэгэхээр танай намын дарга Ерөнхий сайд болох уу?

-Ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт бий.

-Яагаад ингэж асуугаад байна вэ гэхээр намын дарга заавал Ерөнхий сайд байх албагүй. Шадар сайд байж болно гэсэн хувилбар танай нам дотор яригдаад байгаа юм биш үү?

-Манайхан янз янзаар л ярьдаг нь гэм биш зан. Эцсийн мөчид яригдсан бүх асуудлыг ҮЗХ-ны хурлаар л шийддэг. Хүссэн, хүсээгүй Ерөнхий сайд хэн нэгэн нь болж л таарна. Түүнээс биш хэн нэгнийгээ нульж хаядаг байдал байхгүй. Үүнийг манай намын жи­рийн гишүүдээс эхлээд УИХ-д байгаа  гишүүд нь хүр­тэл ойлгож байгаа. Ойл­голцохгүй байх ямар ч асуудал байхгүй. Хаа хаанаа ойлголцох ёстой.

Бидэнд баримталдаг зар­чим гэж бий. Бид нэгдсэн эв нэгдэлтэй байж ард түмэнд дэвшүүлсэн  бод­­лого   зорилтоо хэрэг­жүү­лэхийн тулд зөв зарчим барьж, зөв явахгүй бол бо­лохгүй гэдгийг хүн бүр ойлгож байгаа. Тэгэхгүй бол “мордохын хазгай” гэгч болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Тийм учраас АН бодлого зорилтоосоо огтхон ч хазайхгүй.

-МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвсэлд танай нам хэдэн сайдын суудал амлах вэ?

-Тэрийг ҮЗХ-ны шийдвэр гарсны дараа ярихаас биш одоогоор хэлэх боломжгүй. ҮЗХ хуралдаад ямар үүрэг даалгавар өгөхийг харах л үлдэж дээ.  

-Дор хаяж таван сайдын суудал өгнө гэсэн тохироо хийчихсэн юм биш үү?

-Тэрийг би хэлж мэ­дэхгүй.

-Үүнээс гадна сайд бо­лохыг санаархагчид эх­нээ­сээ байр сууриа илэр­хийлэх боллоо. Тэднийг нам гомдоохгүй юм байгаа биз дээ?

-ҮЗХ-ны хурлаар ямар шийдвэр гарахыг хэлж мэ­дэхгүй байна гэдэг үгээ л дахин давтан хэлмээр байна. Тэгээд ч манай нам хэн нэгний гомдлыг тайлж, албан тушаалаар амыг нь тагладаг нам биш. Хэн ч сайд болохыг мөрөөдөж, ярьж болно. Эцсийн сонголтыг тэд хийхгүй.

-Нам хийнэ гэж үү?

-ҮЗХ-ны  хурлаар Зас­гийн газрыг хэрхэн бүр­дүү­лэх талаар ярилцана, хэ­лэлцэнэ. Тэндээс эцсийн шийдвэр гарна. Тэрийг л дагаж мөрдөнө дөө.

-Ингэхэд саяын сон­гуулиар маргаан гарсан тойргуудын асуудал байна. Энэ асуудалд танай ямар байр суурь баримталж байгаа вэ?

-Шийдэгдэх ёстой. Гурван тойрог дээр маргаан гарсан таван гишүүний асуудал бий. Жишээ нь, би Увсад болсон асуудалд их эмзэглэж байгаа. Увсад мөнгө тараасан нь нотлогдоод байхад, яагаад гишүүдийнх нь эрхийг бат­ламжилж байгаа юм бэ. Байж болохгүй л зүйл. Тийм учраас бид эцсийн шийд­вэрийг гаргахын төлөө явах ёстой.

Орхон аймагт болсон асуудлыг бид зүгээр орхихгүй. Үүнээс гадна улсын  бүртгэлийн асуудал гэж толгой эргүүлсэн зүйл байна. Сонгогчийн нэрсийн жагсаалт дээр ажилладаг, тойргийн хорооны асуудал байна. Сонгууль бүрийн дараа л цэгцлэхгүй өнгөрдөг газар боллоо. Энэ үзэгдэл  хэвээр үргэлжилбэл хэзээ ч нийгэм цэвэршихгүй.

-Сонгууль бүрийн да­раа л СЕХ албатай юм шиг чичлүүлдэг. Энэ удаа дээрх байгууллага шударга ажил­лаж чадсан уу?

-СЕХ санал тооллогын асуудалд ноён нуруутай ажилласан. Гэвч үхрийн сүү­лэн дээр хутга гэдэг шиг луйвар явагдсан тойрогт батламж гардуулсан явдал боллоо. Энэ асуудалд бид эмзэглэж байгаа. Ингэж батламж өгсөн явдал бол СЕХ-ны цэвэр алдаа.


Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш