logo
Засварлагдан шинэчлэгдсээр төрхөө олсон төрийн далбаа минь

Засварлагдан шинэчлэгдсээр төрхөө олсон төрийн далбаа минь

2012/07/10
ТӨРИЙН ДАЛБААНЫ ӨДӨР АЖИН ТҮЖИН ӨНГӨРӨВ


Уг нь өнөөдөр төрийн далбааны өдөр л дөө. Гэхдээ нэг л ажин түжин байх. Үүр цүүрээр "Төрийн далбааны өдөрт зориулсан жагсаал"-д цэргийнхэн хөл тавьсан, авто зам дагуу зогсоод том жижиг далбаа зарах хүмүүсийг эс тооцвол ёстой тийм гээд хэлчих зүйл болсонгүй өнгөрөв.

Гэтэл Амеркчууд төрийн далбаагаа ямар нэгэн байдлаар бараг л өдөр тутам хэрэглэсэн байдаг. Тухайлбал, цүнх сав, хувцас хунар тэр ч бүү хэл гэрийн шаахайных нь хоншоор дээр хүртэл төрийн далбаа нь байдаг.

Харин Монголчууд түүнийг нэг их зөв зүйтэй гэж үздэггүй. Төрөө, төрийн сүлдээ дээдлэх учиртай хэмээн төрийн далбаандаа ихэд хүндэтгэлтэйгээр ханддаг.

Өдгөө бидний хүндэтгэдэг далбааг 1992 оны хоёрдугаар сарын 12-ноос эхлэн хэрэглэж эхэлсэн түүхтэй. Өмнөх далбаануудаас "Юу нь өөр юм" гэж гайхах хүн захаас авааад байх аж. Арга ч үгүй юм. Төрийн сүлдэндээ залбирдаг монголчууд өнө эртнээс харж шүтэж ирсэн тэр л сүлд, далбаагаа өдгөө ч сэтгэлдээ зурагладаг.

Олныг нуршилгүйгээр төрийн далбааны түүхэн үе шатуудаас дурьдая.

Бидний хуучин хэрэглэж байсан төрийн далбаа нь 1946 оныхоос арай өөр, од буюу таван хошуугүй гэсэн үг. Харин өнгөний хувьд улаан, хөх, улаан бөгөөд дундах хөх өнгө нь арай цайвар билээ.
Хүүхэд ахуйд буюу дунд сургуулийн гуравдугаар ангид байхад ангийн багш Ж.Цэрэнбатаагийн "Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дунд хэсэг нь мөнх хөх тэнгэрийг, түүний хоёр талын улаан нь мандан бадрахыг бэлгэдсэн. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт сүлдийг байрлуулж зурна" хэмээн тайлбарлаж өгч байсан нь тодхон санагдана.

Төрийн далбаа нь аливаа улсын бэлгэ тэмдэг бөгөөд ихэвчлэн тухайн улсын төр засгийн хүрээнд залж мандуулдаг агаад онцгой тохиолдолд иргэд ч мандуулж болно хэмээн заасан байдаг.

ХЭЛТЭЙ БУЮУ АНХНЫ ДАЛБАА



Монгол Улсын түүхэнд төрийн далбаагаа 1911 онд сэргээн тунхагласан байдаг бөгөөд тухайн үед "Монголчууд өөрсдийн эзэрхэг, эрх хэмжээ бүхий тул түүнийг илэрхийлвэл зохилтой" хэмээн үзэж шинэ тутам байгуулагдсан Монголын төрийн далбаанд ихээхэн ач холбогдол өгсөн байдаг.

Тухайн үеийн Монгол Улсын далбаа нь хэмжээний хувьд гурван ам буюу гуравны нэгийн харьцаатай байна гэж заажээ. Ингэхдээ"Албаны их газар мандуулах далбаа нь хүрээтэйгээ 105x280, дэвсгэр нь 70x210, бага албан газар, энгийн айлд мандуулах нь хүрээтэйгээ 50x60, дэвсгэр нь 30x30 см хэмжээтэй, хэлбэр нь босоо гонзгой дөрвөлжин, гол дэвсгэр нь шар, ишний эсрэг талд гурван улаан хэлтэй, хэлний этгээдээс бусад гурван талд улаан хөвөөтэй байна. Хөвөө нь ам хагас өргөн далбааны төв дунд хүрээтэй бадамлянхуа цэцэг бүхий соёмбо сүлд, мөргөлийн ном буюу Ламаадангомбо, Санждансүрэн, Лаймүүданзангурлан, далбааны төгсгөлийн гурван улаан хэлний дээдэд "Ум", дунд нь "Аа", доор нь "Хум" хэмээх маанийн үсэг байхаар тогтоожээ.

Энэхүү төрийн далбаагаа жил бүрийн цагаан сарын шинийн 1-8 найман хүртэл хийсгэх, мөн майдар залах, өвлийн бат оршил ергөх зэрэг төрийн их баяр ёслолын өдөр ордон, сүм хийд, төрийн яамд, аймгийн чуулгад, цэргийн жанжны газар, засаг ба засаг бус ван, гүн, хамба цорж, эрдэнэ шанзодва, хутагт хувилгаад, тушаалтан лам түшмэдийн газар хийсгэхээр болгосон байна. Мөн Богдын Засгийн газраас уул тугийг албан газраас гадна айл бүр хийсгэж болохыг зөвшөөрөн, далбааны үсэг, ном зэргийн бар сийлүүлж дарж өгч байхыг тусгайлан заасан нь буй. Чингэснээр тухайн үед энэ далбааг тер, шашныг мандуулахын бэлгэдэл хэмээн шүтэн биширч байсан аж.

Мөн 1911 оны Монголын үндэсний хувьсгалын дүнд Богд хаан, Цагаан дарь эхийг Улсын Эх дагина хэмээн өргөмжлөн, эрдэнийн сууринд залж суулгахдаа дундаа соёмбо үсэгтэй шар торгоор хийсэн төрийн далбаа бүхий Монголын тулгар төр нээсэн тухай олноо тунхаглан зарласан байна. Энэ нь XX зууны Монгол Улсын анхны төрийн далбаа юм.

ТӨРИЙН ДАЛБАА СҮЛДТЭЙ БОЛСОН НЬ



Түүнээс хойш 13 жилийн дараа буюу 1924 онд анхдугаар үндсэн хууль батлахдаа "Улсын туг далбааг улаан өнгөтэй бөгөөд дунд нь улсын сүлд тэмдгийг оруулан үйлдүүлж гүйцэтгүүлбэл зохино" гэж заасан байна.

Улмаар 16 жилийн дараа буюу 1940 онд БНМАУ-ын VIII Их Хурлаар баталсан Шинэ Үндсэн хуулийн 93 дугаар зүйлд одоогийн мөрдөж байгаа төрийн далбааны хэмжээг "1:2 хэмжээтэй, улаан өнгийн эдээр үйлдэгдэх бөгөөд далбааны төвд улсын сүлд тэмдэг доод талд нь бадамлянхуа цэцэг байна. Түүний хоёр талаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэсэн үсэгтэй байна" гэж заажээ. Мөн Үндсэн хуулийн заалтаар өмнөх дөв дөрвөлжин хэмжээг тэгш өнцөгт гонзгой болгосон нь шинэлэг зүйл болсон байна.



БАДАМЛЯНХУА ЦЭЦГИЙГ ОГЦРУУЛСАН НЬ



Төрийн далбаа нь ийнхүү улс орон хөгжихтэй зэрэгцэн өнгө төрхөө өөрчилж байсан ч утга агуулгаа алдаж байсангүй аж. Ийнхүү 1945 оны долдугаар сарын 10-нд буюу Ардын хувьсгалын 24 жилийн ойн баярын өмнөх өдөр маршал төрийн сүлдэнд  багагүй өөрчлөлт  оруулж бадамлянхуа цэцгийг авч сүлдний орой дээр таван хошуу буюу од нэмсэн байна. Үүнийг түүхэнд "Орос Хятадын шахаанд орсоны улмаас буюу "...Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгаа" тул ийм шийдэлд хүрсэн байна.

Чингэхдээ "БНМАУ-ын далбаа нь 2x1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна. Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуан цэцэггүй соёмбо байна" хэмээн заажээ. Эндээс эхлэн улсын нэрийг бичихээ больсон байна.

Энэ үйл явдлыг "Монгол Улс тусгаар тогтносон улс гэдгээ өндөр цохон тэмдэглэсэн явдал" хэмээн Х.Чойбалсан тодорхойлж байсан аж.

С.Туул
Эх сурвалж: "Нийгмийн толь"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш