logo
Зургаан настай шатарчдад баяр хүргэж, амжилт хүслээ

Зургаан настай шатарчдад баяр хүргэж, амжилт хүслээ

2012/07/10

Ази тивийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээн Шри Ланка улсын Хиккадово хотноо зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-ны өдөр болж манай өсвөрийн шатарчин зургаан настай Есөнтөмөрийн Төгстөмөр /хүү/ гурван алт, зургаан настай Галсандоржийн Энхчимэг /охин/ хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж Монгол Улсынхаа нэрийг шатрын ертөнцөд өндөрт мандуулсан билээ. Өнөөдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан баяр хүргэж, БТСГ-ын шагнал "Спортын алдар" тэмдэгээр шагнаж амжилт хүслээ.


     Тус тэмцээн Монгол Улсаа төлөөлөн 22 тамирчин долоон насны ангилалд оюуны чадлаа сорьсон юм. Тэмцээний эхний өдөр болсон рапид төрлийн тэмцээнд хөвгүүдийн зургаан насны ангилалд түрүүлсэн "Урамтай шатар"  клубын тамирчин Е.Төгстөмөр стандарт төрөлд амжилттай тоглож дахин аваргалжээ. Тэрбээр нийт 10 өргөөс найм хожиж, нэг тэнцсэнээр 8,5 оноогоор тэргүүлсэн бөгөөд блиц төрөлд долоон өрөг тоглосноос долоо хожиж, алтан медаль авч Ази тивийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний рапид, стандарт болон блиц төрөлд нэг ч хожигдолгүй гурван алтан медалийн эзнээр тодорсон ховор амжилтын эзэн болжээ.
      Азийн аваргад Монголын 22 шатарчин оюун ухаанаа сорьсноос стандарт төрөлд Г.Энхчимэг мөнгөн медаль хүртэж, О.Бат-Эрдэнэ, Г.Учрал, А.Энхтуул нар шагналт дөрөвдүгээр байрт, Б.Батзориг, Ё.Эрдэмдалай, Г.Сайханзаяа нар тавдугаар байрт тус тус шалгарчээ. Харин блиц төрөлд "Урамтай шатар"  клубын тамирчин Г.Энхчимэг дөрвөн оноогоор мөнгө, Б.Оюунсувд /5 оноо/, Э.Баасансүрэн /5 оноо/, Г.Учрал /5 оноо/ нар хүрэл медаль хүртсэн байна.
      Ийнхүү Монголын өсвөрийн шатарчид тивийн аваргад өнгөтэй байж, блиц буюу түргэн тоглолтын тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл, рапид буюу түргэвчилсэн төрлөөс нэг алт, хоёр хүрэл, стандарт төрлөөс алт, мөнгөн медаль хүртлээ. Өсвөрийн шатарчид долдугаар сарын 5-нд эх орондоо ирээд байсан юм.
     Дашрамд сонирхуулахад, Е.Төгстөмөр нь манай улсын алдартай шатарчин гэр бүлээс төржээ. Тэрбээр, УИХ-ын гишүүн асан, шатрын спортын мастер Н.Түвшинтөгсийн зээ хүү юм. Түвшинтөгсийн аав нь манай нэрт зохиолч Батын Нямаа нь чамгүй сайн шатар тоглодог хүн байсан юм. Түүний хүү Н.Төрбат агсан шатрын спортын мастер, мөн хүү Н.Төвсанаа, Н.Батцэцэг нар нь Олон улсын шатрын холбооны мастер бол Н.Түвшинтөгсийн охин Т.Батчимэг нь эмэгтэйчүүдийн Олон улсын их мастер цолтой.


Д.Өлзийсайхан
Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш