logo
Цээжин дээрх “улаан”-уудаас яаж ангижрах вэ?

Цээжин дээрх “улаан”-уудаас яаж ангижрах вэ?

2012/07/10
Задгай энгэртэй майк, даашинзаа өмсөх гэтэл цээжин дээгүүр туурсан олон улаанаас болоод битүү цамцаар биеэ далдлахаас өөр аргагүйд хүрээд байна уу? Цээж, нуруун дээрх батгашилтын шалтгаан, эмчилгээний талаар мэдээллийг уншаарай.

Гормонын тэнцвэргүй байдал
Гормонын тэнцвэргүй байдал нь биеийн тос ялгаруулалтыг ихэсгэдэг. Эрэгтэй, эмэгтэй хүний биеийн аль алинд нь байдаг андроген хэмээх эр гормон нь биеийн тосны булчирхайнуудын ялгаруулах тослогийн хэмжээг хянаж байдаг. Цусан дахь андрогений хэмжээ нэмэгдэх болгонд, цээжин дээр батгаших нь ихсэх юм уу багасдаг жамтай.

Бусад шалтгаанууд
Цээжний батгашил нь өсвөр наснаас, насанд хүрсэн бүх хүмүүст тохиолдож болно. Гэхдээ цээжин дээр батга гарахаас зайлж чадахгүй нөхцөл байдал хэд хэд бий. Ихэвчлэн зуны улиралд хүмүүсийн цээжин дээр батга гарах нь ихэсдэг ба, спортын бэлтгэл сургуулилт хийх үед их хэмжээний хөлс ялгарсанаас болж гарах магадлалтай. Зуны улиралд шороо тоос, болон дезодрант гэх мэт гадны хүчин зүйлүүд бидний арьсны нүхийг бөглөж бактерийг үүсгэдэг. Биеийнхээ дээд хэсэгт хэт их дезодрант түрхдэг бүсгүйчүүд багасгах нь дээр юм. Түүнээс гадна их хэмжээний биеийн пудр, лосьон хэрэглэхэд ч батга ихэсч болно. Цээжин дээр жижиг улаан батга гарч тууралт өгөөд байвал биеийн тослогжилт чинь ихэсч байгааг ойлгож, шүршүүрт тогтмол орон өөрийгөө цэвэрхэн байлгах хэрэгтэй.

Цээжин дээр гарсан батгыг яаж арилгах вэ?
1.
Батгыг хурдан арилгахын тулд ариун цэврийг тогтмол сахиж, үхсэн эд эс, ялгарсан тос, хөлсийг бушуухан арилгаж байх ёстой. Тиймээс усанд орохдоо гуужуулагч биеийн саван хэрэглээрэй. Гэхдээ ширүүн урж болохгүй, ингэвэл үрэвсэл улам ихэснэ.

2. Хүнд үүргэвч, хэт бариу нийлэг материалтай хувцас өмсөхөөс зайлсхий. Тослогжилт, хөлсийг гадагшлуулж, арьсаа амьсгалуулахын тулд даавуун хувцас өмс.

3. Хүсвэл шүршүүрт орсныхоо дараа, батганы эсрэг нүүрний маск, тосыг цээж, нуруун дээрээ түрхэж болно.

4. Мөн ор хөнжлийн даавуугаа тогтмол сольж байхыг зөвлөж байна. Хэрвээ нэг хоногийн дотор батгаа арилгах ёстой бол үрэвсэл ихтэй газруудаар буталсан мөс 15 минут үрж өгөөрэй. Ингэх нь улайлтыг багасгана.

5. Урт үстэй бол шампунь, тэжээлийн тос түрхсэнийхээ дараа сайтар зайлж байгаарай. Мөн хоолны дэглэмдээ жимс,самар, хүнсний ногоог түлхүү оруулж, сайн унтаж амрах ёстой.

6. Дээрх арга хэмжээнүүдийг авснаар үр дүн нь 6 долоо хоногийн дараа гарах болно. Тиймээс хурдан арилсангүй гэж шантрах хэрэггүй.

7. Хэт их батганы эсрэг тос, эмчилгээний бүтээгдэхүүн зэрэг хэрэглэж болохгүй. Ингэвэл арьс илүү эмзэг, мэдрэмтгий болж үрэвсэл нь харин ч нэмэгдэх хандлагатай.

Emch.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш