logo
Кофи Аннан Сирийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Кофи Аннан Сирийн ерөнхийлөгчтэй уулзлаа

2012/07/11
Даваа гаригт НҮБ-ын тусгай төлөөлөгч Кофи Аннан Сирийн ерөнхийлөгч Башар Асадтай Дамаск хотноо уулзсан байна. Энэ уулзалтын талаар Сирийн төрийн мэдлийн телевизээр мэдээлжээ. Аннан уулзалтын дараа сэтгүүлчдэд хандан хэлэхдээ уулзалт үр дүнтэй боллоо хэмээн онцолсон байна. Сирийн гадаад хэргийн яамны төлөөлөгч Асад, Аннан нар энхийн төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх талаар голчлон ярилцсан гэж мэдэгджээ.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Сирийн ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа энэ улсын гол холбоотон болох Ираны удирдлагуудтай уулзахаар Тегеранд хүрэлцэн ирсэн байна.
Олон улс Асадын засгийн газрын эсрэг хориг тавьж, Сирийн хямралыг дипломат арга замаар шийдвэрлэхээр хүчин чармайлт гаргаж байгаа ч энэ улсад халдлага хүчирхийлэл, эмх замбараагүй байдал ноёлсоор байна. Мөн барууны болон Арабын улсууд Сирид цэргийн ажиллагаа явуулахаас татгалзсан.  Сөрөг хүчний бүлгүүдийн мэдээлснээр Сирид 16 сар үргэлжлээд байгаа хүчирхийлэл, үймээнээс болж 15000 гаруй хүн амь насаа алджээ.
Өнгөрсөн онд Араб, Хойд Африкийн зарим улсын ард иргэд ардчилал, эрх чөлөөний төлөө жагсаж, дарангуйлагч удирдагчдаа төрийн эрхнээс буулгасан билээ. Египетчүүд болон Йеменчүүд сонгууль явуулж ерөнхийлөгчөө сонгоод байгаа бол Ливид 60 жилийн дараа анх удаа чөлөөт сонгууль боллоо. Гэвч барууны улсуудын Сирийн хямралыг дипломат арга замаар шийдэх зорилгоор гаргаж байгаа хүчин чармайлт төдий л үр дүнд хүрэхгүй байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш