logo
Финляндад эхнэрээ үүрч гүйх дүрэмтэй тэмцээн зохиогдлоо

Финляндад эхнэрээ үүрч гүйх дүрэмтэй тэмцээн зохиогдлоо

2012/07/11
Финляндад эрчүүдийн хүч чадал, авхаалж самбааг шалгасан нэгэн тэмцээн зохиогдлоо. Энэ тэмцээнд хосууд оролцдог бөгөөд нөхрүүд нь эхнэрээ нуруундаа үүрч гүйх зуураа янз бүрийн саадыг давах дүрэмтэй. Энэ жилийн тэмцээнд хуульч Таисто Миеттинен түрүүлсэн байна. Тэрээр эхнэр Кристинагаа үүрч, 250 метр замыг минут гаруйн хугацаанд туулжээ. Оролцогчид шулуун замд гүйхээс гадна, усан санг гаталж, саадуудыг хамгийн хурдан давах ёстой аж.
Эхнэрээ үүрч гүйх тэмцээнийг Финляндын Сонкаярви хотод зохион байгуулсан байна. Тэмцээний ялагч эхнэрийнхээ жинтэй тэнцэхүйц хэмжээний шар айргаар шагнуулжээ. Таисто Миеттинен, Кристина Хаапанен нар энэ тэмцээнд 2009 оноос хойш дөрвөн жил дараалан түрүүлсэн нь энэ юм.
Энэ тэмцээний гарал үүслийг 1800-аад оны үед амьдарч байсан Херкко Росво-Ронкайнен хэмээх дээрэмчний домогтой холбож тайлбарладаг юм. Ойд амьдардаг байсан тэрээр бүлгийнхээ гишүүдийн хамт ойролцоох тосгоноос хоол хүнс болон эмэгтэйчүүдийг хулгайлаад тэднийг нуруундаа үүрч зугтдаг байсан гэнэ. Мөн Херкко    бүлгийнхээ гишүүдийг илүү хүчтэй чийрэг болгохын тулд тэднээр шуудай тариа болон амьд гахайг үүрүүлж гүйлгэдэг байсан тухай ам дамжсан яриа байдаг байна. Мөн эхнэрээ үүрч гүйх тэмцээн нь эрт үед зарим овгийн эрчүүд эхнэрээ хулгайлдаг байсан  уламжлалтай холбоотой байж магадгүй гэж үздэг байна.
Э.АМАР

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш