УИХ-ын гишүүн Д.Дондогийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичгийг УПЕГ-аас УИХ-ын даргад ирүүлж, Хууль зүйн байнгын хорооноос хэлэлцэх боломжгүй гэсэн хариуг Прокурорын газарт явуулаад байна. Ямар шалтгаанаар ийм асуудалд холбогдох болсон талаар нь эрхэм гишүүн Д.Дондогоос тодрууллаа.
-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай бичгийг УИХ-ын даргад ирүүлээд байна. Ямар үндэслэлээр таны бүрэн эрхийг хөндөх тухай бичиг ирүүлсэн бэ?
-Үндэслэлийн хувьд би нарийн хэлж мэдэхгүй байна. Цэвэр гүтгэлэг явж байна гэж би ойлгож байгаа. Хэвлэлд зарим зүйл гарсныг харсан. Хэн нэг хүний мөнгийг би болзол тавьж хуурч залилж сонгуулийн ажилд зараагүй гэдгээ өмнө нь хэлж байсан. Сонгуулийн ажилд 150 сая төгрөг зээлж авч орсон. Буцаагаад мөнгөө төлсөн. Ийм л байна. Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж хүний мөнгө үрсэн хэн нэг хүний өмнөөс би хариуцлага хүлээхгүй гэсэн байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилийн хугацаанд намайг прокурорын байгууллагаас дуудаж асуусан зүйл байхгүй. Анх хүмүүсийн гомдол дотор таны нэр явж байна гэж нэг удаа дуудаж мэдүүлэг авсан. Түүнээс хойш хэрэгсэхгүй боллоо гэж мэдээлж байсан. Би ч түүнд итгээд л явж байсан. Хийсэн хэрэг, нотлох баримт байхгүй. Гэхдээ асуудал үүсээд нэр нь орсон бол шалгагдаж л таарна. Би хуулийнхныг зөв талаас нь, улс төр, мөнгө оруулалгүй ажиллаасай, шалгаасай гэж бодож байна. Ингэснээр үнэн мөн нь олдоно, үнэн ялах байх гэж бодож байна.
Нөгөө талаасаа энэ бол төрийн нэр хүнд, хувь хүний нэр хүндэд халдсан гүтгэлэг, айхавтар доромжлол болж байна. Миний ард хань ижил, үр хүүхэд, ах дүүс, найз нөхөд, сонгогчдын итгэл бий. Би төрийн албанд 32 жил ажиллаж байна. Ямар ч зөрчил гаргаж байгаагүй. Гурван сонгуульд би мөнгө тараалгүй ард түмний саналаар гарч ирсэн.
-Таныг газрын наймаатай холбоотой гэсэн зүйл гарч байсан. Сая прокуророос залилан хийсэн гэсэн бичиг ирсэн шиг байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Надад тийм юм байхгүй. Газрын албаныхантай надад холбоо байхгүй, миний эрх мэдлийн ч асуудал биш. Хүний мөнгө залилж аваагүй. Зээл авсан, төлсөн. Сонгуулийн хандивын уулзалт хийх гэж байхад манай орон тооны бус туслах байсан залуу “Та ийм уулзалт хийж яах юм бэ. Дараа нь таниас олон хүн хүүхэд шуухад ажил төрөлд оруулж өг гээд нэхнэ. Би компанитай, таны юмыг зохицуулна. Дараа тооцоо хийе” гэсэн. Тэгээд би туслахдаа итгэсэн. Зээл мөнгө авсан, гэрчтэй. “150 сая төгрөгөөс илүү гарвал төлж чадахгүй шүү. Тийм орчим мөнгө зарцуулах юм шиг байна” гээд авсан. Буцаагаад өгсөн. Өөр хэлэх нэг асуудал бий. Орон тооны бус туслахуудыг УИХ-ын шийдвэрээр байхгүй болгосон. Тэгээд тэр миний орон тооны бус туслах байсан хүн “Намайг ажилд авсангүй” гэж гоморхдог юм билээ. Сонгуулийн дараа тооцоо нийлэхэд зугтаагаад байсан юм. Тэр нь сүүлдээ намайг ийм юманд ашиглах л гэж явсан юм шиг байна. Одоо хүртэл миний нэрийг барьж энд тэнд явдаг. Улсын бүртгэлийн газарт саяхан “Би Д.Дондог гишүүний туслах байна. Гадаад паспорт авна” гээд явж байсан байна. ЗЦГ дээр “Д.Дондог гишүүний зөвлөх байна. Машины номер аваад ир” гээд очсон байна. “Тийм юм байхгүй” гэдгийг би хэлсэн. Түүнийг хүний нэр барьж мөнгө ашигласан гэж ойлгож байгаа. Эзэд нь “Та холбогдолгүй юм байна. Уучлаарай. Таны тухай сонинд гарчихаж. Таны нэр төрийг сэргээж өгнө” гэж өвөл надтай уулзсан. “Энэ тухайгаа хууль, хяналтынханд хэлээрэй” гээд л явуулсан. Миний орон тооны бус зөвлөх байсан хүн намайг “МАН-аас нэр дэвшүүлэхгүй болгоно” гэж байна гэсэн. Хамаа алга, энэ миний амь биш. Надтай үзнэ гэвэл тэр л биз. Тийм болчимгүй нөхрийн үгээр хууль хяналтынхан явбал жаахан алдаатай ажиллаж байна гэж үзнэ. Хэлбэл зөндөө юм бий, гэхдээ би орон тооны бус зөвлөх байсан хүнтэйгээ заргалдаад явахгүй. Гэхдээ гарцаагүй хэлэх шаардлага гарвал хэлж л таарна. Би тэр залууг сайн танина. Өвөө эмээ, аав ээжийг нь мэднэ. Айл аймаг явсан улс. “Ажил” гээд гуйгаад явахаар нь орон тооны бус туслах болгосон. Тэгээд УИХ-ын шийдвэрээр тэр ажил байхгүй болсон. Түүнээс болж надаар тоглох гэсэн юм байлгүй. “Сүмбэр” компанийн захирал эртээд надтай ярьсан. н.Сайнбаяр намайг таны эсрэг мэдүүлэг өг гэж хуулийнхантай нийлж дарамтлаад байна. Яах вэ” гэж. Тэгэхээр нь би “Та захиалгаар мэдүүлэг өгдөг болсон юм бол өөрөө л мэдэхгүй юү” гэсэн. Тэр хүн “Эцсийн үлдэгдлээ авлаа. Баланс шалгалаа. Тооцоо байхгүй” гэж надад бичиг хийж өгсөн хүн.
-МАН-ын бүлгийн дэд даргаас татгалзсан тань үүнтэй холбоотой юу?
-Тэр үүнд хамаагүй. Д.Лүндээжанцан дарга ганцаараа албаа өгөхөөр арга хэмжээ авахуулаад гарч байгаа юм шиг ойлгогдоно. Хоёрт, дарга гарсан байхад ард үлдсэн хүн сайн нэр дуулахгүй. Тэр утгаар л хандсан. Тэгэхэд ийм асуудал үүснэ ч гэж бодоогүй явсан.
Д.ОЮУН