logo
АН хэнтэй хамтрах нь тодорхойгүй үлдлээ

АН хэнтэй хамтрах нь тодорхойгүй үлдлээ

2012/07/17
АН-ын ҮЗХ-ны 39 дүгээр хуралдаан өчигдөр болж УИХ-ын дарга, Ерөнхий сайдад нэр дэвшигчдийг дэмжсэн ч аль нам, эвсэлтэй хамтарч Засгийн газар байгуулах талаар ямар нэг шийд гаргалгүй өндөрлөлөө.
Энэ тухай УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, З.Энхболд нар сэтгүүлчдэд мэдээллээ.
Хуралдаанаар УИХ-ын даргаар З.Энхболдыг, Ерөнхий сайдаар АН-ын дарга, УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг сонгохыг 100 хувийн саналаар дэмжжээ.Харин эвслийн Засгийн газар байгуулах асуудлыг яаравчлах нь зүйтэй гэж үзсэн ч аль нам, эвсэлтэй хамтрах тухай асуудлаар ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэж үзжээ.
Хэдийгээр өмнө нь АН-ын дарга Н.Алтанхуяг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрахад бэлэн байгаагаа мэдэгдэж байсан ч ҮЗХ-ны хуралдаанаар асуудлыг нэлээн нухацтай хэлэлцсэний үндсэн дээр УИХ дахь АН-ын бүлэгт бусад нам, эвслүүдтэй энэ асуудлаар зөвшилцөх үүргийг өгсөн байна. Тиймээс АН-ын бүлэг өнөөдөр 16.00 цагт ҮЗХ-ны хурлаас өгсөн үүргийн дагуу хуралдаж зөвшилцөх, гэрээ байгуулах ажлын хэсгийг зохион байгуулахаар болжээ. Энэ ажлын хэсэг бусад намын, эвслүүдтэй хэлэлцээрийн ширээнд сууж, хэнтэй эвсэхээ шийдэх аж. Ажлын хэсгээс эцсийн хэлбэрээр тохиролцсон асуудлыг ҮЗХ-ны дараагийн хурлаар батална.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнбат- МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл АН-тай хамтрахаа өмнө нь албан ёсоор мэдэгдсэнийг ҮЗХ-ны гишүүдийн олонх нь дэмжиж байгаа ч асуудлыг ярихдаа ажлын хэсэг зохион байгуулж, олон талаас нь ярилцах хэрэгтэй. Энэ асуудалд хөнгөн гоомой хандаж болохгүй. АН ялалтаа баталгаажуулж, эдийн засгийн эрчимтэй өөрчлөлтийг хийх, шударга ёс, хариуцлагатай ёс төлөвшсөн төрийн байгууллагуудыг бий болгох, авилга хээл хахуулийг арилгах ийм чин сэтгэлтэй, эрмэлзлэлтэй улс төрийн хүчнүүдтэй ярилцаж байж шийдэх нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ санал тавьсан намуудтай эхэлж хэлэлцээр хийх нь зайлшгүй хэмээн ярилаа.
Хамгийн түрүүнд МАХН-МҮАН-ны “Шударга ёс” эвсэл хамтрах санал тавьсан бол түүнээс хойш ИЗНН болон бие даагчид мөн хамтрахад бэлэн байгаагаа бас мэдэгджээ. Харин МАН-аас хамтран ажиллахад бэлэн байгаагаа албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм байна.
Мөн ҮЗХ-ны 39 дүгээр хуралдаанаар хууль эрх зүйн шинэчлэл болон гадаадын зарим оронд эрс шинэчлэл хийж байгаа туршлагын талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг нарын мэдээллийг сонсчээ.
Ш.Эрдэнэ 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш