logo
Наадмын үеэр гарсан гэмт хэрэг өнгөрсөн жилийнхээс багасчээ

Наадмын үеэр гарсан гэмт хэрэг өнгөрсөн жилийнхээс багасчээ

2012/07/17
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага, болон дотоодын цэргийнхэн гээд нийтдээ 4000 алба хаагч хэв журам сахиулан, бэлэн байдалд ажилласан. Ямартай ч баяр наадмын үеэр гэмт хэргийн гаралт харьцангуй бага байсан байна.

Тухайлбал, гэмт хэргээс урьдчилан сэргийлж цагдаагийн морьт эргүүл, Туул голын орчмоор завьт эргүүл, бүх дүүргүүдэд хөдөлгөөнт болон явган эргүүл гээд зохих бүхий л арга хэмжээг авчээ.

Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр гарсан хэргийн 138 нь гэмт хэргийн шинжтэй байсан. Үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах 23, танхайрах 20, золгүй байдлаар нас барсан 36 гэмт хэрэг гарсан гэсэн судалгаа байдаг.

Харин энэ жилийн тухайд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд 125 гэмт хэргийн дуудлага ирснээс хулгай 19, золгүй байдлаар амь насаа алдсан тохиолдол тав, танхайн шинжтэй 25 хэрэг байсан аж. Золгүй байдлаар амь насаа алдсан хүмүүс голын эрэгт амарч байх үедээ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байжээ.

Мөн ОБЕГ-т галын 12, зөрчлийн тав, зам тээврийн хоёр, эрэн хайх аврах ажиллагааны 11, үерийн 50 дуудлага бүртгэгджээ. ОБЕГ-ын аврагчид нийт 31 хүний амь насыг аварч, 45 обьектыг гал, усны аюулаас хамгаалж чадсан байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн наймдугаар гудамжны 10 тоотод борооны ус орсны улмаас боогдсон хоёр хүүхдийн амийг аварчээ.

Налайх дүүргийн VI хороо, Тэрэлжийн голд долоодугаар сарын 12-нд дөрвөн настай хүү усанд осолдлоо гэсэн мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу ослын газарт эрэл хайгуул хийсэн ч олдоогүй аж. Ингээд Аврах ангийнхан өглөө 06:30 цагт гарч эрлийг үргэлжлүүлснээр 08:30 цагт хүүгийн цогцсыг олж, харьяа цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ.

Замын хөдөлгөөнд наадамчин олныг аюул осолгүй, хурдан, шуурхай зорчуулах үүднээс Замын цагдаагийн алба хаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг, Нарны зам, 22-ын товчоо гэсэн дөрвөн хэсэгт ажил үүргээ гүйцэтгэжээ. Харамсалтай нь энэ үеэр зам тээврийн ослоор найман хүн бэртсэн байна. Бага насны хүүхдүүд хараа хяналтгүйгээс болж осолд өртөх нь их байсан ажээ.

Албаны хүний хэлж буйгаар урьдчилан сэргийлэх болон таслан зогсоох арга хэмжээг сайн авсан гэнэ. Мөн иргэдийн ухамсар дээшилсэн, цагдаагийн бие бүрэлдэхүүн наадмаар сайн ажиллаж, хараа хяналтыг зүй ёсоор тавьсантай ч холбоотой аж. Иргэдийн хэлж буйгаар цагдаа, эргүүлийнхэн бүх газарт хяналт тавьсан учраас хэрэг зөрчил бага гарсан байна.

Эх сурвалж: "Өглөөний сонин" 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш