Энэ сарын 11-нээс иргэний цахим үнэмлэхийг хэвлэх ажлыг УБЕГ-ын Мэдээлэл технологийн газар эхлүүлээд байна. Төлөвлөж байснаар бол УИХ, НИТХ-ын сонгуулийн дараа буюу долдугаар сарын 1-нээс хэвлэж эхэлнэ гэж байсан боловч тухайн нөхцөл байдлаас шалтгаалан долдугаар сарын 11 хүртэл хойшлуулсан. Сонгууль болохтой холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-наас эхлэн шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон байсан юм. Өөрөөр хэлбэл энэ хугацаанаас сонгууль хүртэл нэг ч шилжилт хөдөлгөөн хийгдээгүй гэсэн үг. Сард улс даяар ойролцоогоор 60 мянга орчим иргэний шилжилт хөдөлгөөн хийгддэг гэсэн тоо байдаг. Үүнээс үзэхэд дээрх хугацаанд 40-50 мянган иргэн шилжилт хөдөлгөөнөө албан ёсны болгож амжаагүй байгаа аж. Тиймээс эдгээр иргэддээ шилжилт хөдөлгөөнөө хийлгэх боломж олгох үүднээс иргэний цахим үнэмлэх хэвлэх ажлыг энэ сарын 1-нд эхлүүлэх байсныг 11 хүртэл хойшлуулсан гэж УБЕГ-аас мэдээллээ.
УБЕГ-ын дэд дарга Г.Билгүүнээс цахим үнэмлэхийг хэвлэх ажил хэдийд дуусах тухай болон бусад асуудлын талаар тодрууллаа.
-Цахим үнэмлэх үйлдвэрлэх ажил орон нутгийн сонгуулиас өмнө амжиж дуусах болов уу?
-Орон нутгийн сонгуулиас өмнө бүх үнэмлэхийг хэвлэж дуусгах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Одоо хэвлэгдэх бүх цахим үнэмлэхийг манай үйлдвэр өдөрт гурван ээлжээр, нэг ээлж 7 цагаар бүрэн хэмжээгээр ажиллахад 90-100 хоног шаардлагатай. Тийм учраас л Улсын их баяр наадмын эхний өдрөөс хэвлэх ажил эхэлсэн. Хэвлэлтийн ажлыг аймгуудаас эхэлье гэдэг шийдсэн. Учир нь орон нутагт шилжилт хөдөлгөөн харьцангуй бага байдаг. Харин нийслэлд ийм асуудал их байдаг болохоор наймдугаар сараас нийслэлийн иргэдийн цахим үнэмлэхийг хэвлэж эхэлнэ гэж төлөвлөсөн. Орон нутгийн сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг бүрэн хэвлэж дуусна. Шилжилт хөдөлгөөн хийхийг зогсоосон зүйл байхгүй. Сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөнөө хийлгэж чадаагүй нийслэлийн иргэд наймдугаар сарын 1-ээс өмнө шилжилт хөдөлгөөнөө хийлгэх боломжтой.
-Энэ сарын 11-ээс үнэмлэх хэвлэх ажил эхэлсэн. Хэр хэмжээний цахим үнэмлэх бэлэн болоод байна вэ?
-Одоогоор Говьсүмбэр аймгийн 7061, Говь-Алтай аймгийн 27662 иргэний цахим үнэмлэхийг хэвлэж дууссан. Дараа нь Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнод, Завхан аймгуудын иргэний үнэмлэхний мэдээллийг хэвлэх машинд оруулах ажлыг УБЕГ-ын Мэдээлэл технологийн газар эхлүүлээд байна. Түгээлт олголтыг баруун, зүүн гэх мэтээр бүсчилж хийхээр бэлтгэсэн.
-Цахим үнэмлэхний бэлдэц материал хангалттай байгаа юу?
-Бэлдэц, материалын хувьд гэрээнд заагдсан хугацааны дагуу ирж байгаа. Манай захиалгаар нийтдээ 1 999 495 цахим үнэмлэхний бэлдэц ирэх ёстой. Өчигдрийн байдлаар 1 460 660 бэлдэц ирээд байна. Тийм болохоор бэлдэц хангалттай гэж ойлгож болно.
-Цахим үнэмлэхийг гээж, үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгох асуудалд хэр хүндрэл чирэгдэл үүсэх бол?
-Оршин суугаа хаяг өөрчлөгдөх тоолонд шинээр үнэмлэх авах шаардлагатай болох юм. Мөн цахим үнэмлэхийг эхний удаад тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс, бэлдэцийн төлбөргүйгээр олгоно гэж байгаа. Шинэ цахим үнэмлэхийг хэдэн төгрөгөөр олгохыг хараахан тогтоогоогүй. Засгийн газрын тогтоолоор төлбөр хураамж нь тодорхой болно. Өмнө нь иргэний үнэмлэх дахин авахад төлдөг байсан хураамжаасаа тодорхой хэмжээгээр нэмэгдэх байх. Тийм болохоор заасан хугацаанаас өмнө хаягийн зөрчил гэх мэт асуудлаа цэгцлэх нь тухайн иргэний асуудал.
-Шинэ цахим үнэмлэх олгохдоо хуучин үнэмлэхийг буцааж хурааж авах уу?
-Өмнө нь иргэний үнэмлэхийг дахин олгохдоо хуучин үнэмлэхний баруун дээд өнцгийг хайчилж хүчингүй болгоод тухайн иргэн хүссэн тохиолдолд буцаан өгдөг байсан. Харин одоо тухайн иргэний нүдэн дээр иргэний үнэмлэхийг хайчилж хүчингүй болгоод хураан авах журам гарсан.
-Цахим үнэмлэхний зургийг иргэний шинэчилсэн бүртгэл хийх үеэр хорооны зохион байгуулагч нарын авсан зургаар зурагжуулна гэж байгаа. Гэтэл төрийн нэрийн өмнөөс олгож байгаа энэ бичиг баримтан дээр шаардлага хангаагүй зураг тавих нь зохимжгүй байна гэсэн иргэдийн санал гомдол их байна. Энэ тал дээр?
-Төлбөр хураамжийн асуудал тодорхой болоод, тухайн иргэн өөрөө үнэмлэхээ шинэчилж авах хүсэлтэй бол зургийг нь өөрчилж болно.
-Шинэчилсэн бүртгэл хэр найдвартай болж чадсан бол? Сонгуулийн үеэр шинэчилсэн бүртгэлтэй холбоотой асуудлууд мэр сэр гарч байсан?
-Хүнд давтагдашгүй өгөгдөл гэж хоёр зүйл байдаг. Тэр нь хурууны хээ, нүдний хээ. Шинэчилсэн бүртгэлд бид хурууны хээ авч оруулсан байгаа. Энэ бол хүний давтагдашгүй өгөгдлийн нэг нь. Ямар нэгэн асуудал гарсан бол тэр нь хаягийн зөрчлийн асуудал л байсан байх.
-Шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй хүмүүс хэр олон байгаа бол? Тухайлбал гэр оронгүй хүмүүс шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй тохиолдол байгаа болов уу?
-Шинэчилсэн бүртгэл 94.5 хувьтай явагдсан гэсэн тооцоо гарсан. Үлдсэн хувь нь гадаадад сурч, ажиллаж амьдарч байгаа иргэд гэж үзэж байгаа. Гадаадад 100 мянга орчим иргэн бий гэсэн баримжаалсан тоо гаргаад байгаа. Энэ гэхдээ тодорхой тоо биш л дээ.
Г.Уран
Эх сурвалж: "Монцамэ"