Долдугаар сарын сүүл наймдугаар сарын эхээр халуун өдрүүд үргэлжилнэ гэж цаг уурчид анхаарууллаа. Иймд гадаа удаан хугацаагаар байх тохиолдолд наршихгүй байх талаар эмч мэргэжилтнүүд зөвлөж байна. Халуун наранд удаан хугацаагаар ажиллаж, аялж байгаа хүмүүс биедээ хуримтлагдсан халууны хэмжээг гадагшлуулахгүй бол биеийн халууны зохицуулалт алдагддаг. Нарших гол шалтгаан нь ядаргаа ихэссэн, их таргалсан, архи уусан, өлсөж цангасан, ус давс дутагдсан, халуунтай, зүрх судасны болон чихрийн шижин өвчин зэргээс шалтгаалдаг. Иймээс даралт ихтэй хүмүүс гэрээсээ аль болох гарахгүй, наранд явахгүй байх хэрэгтэйг анхааруулж байна. Мөн байнга малгайтай явж шингэн юм ихээр уух хэрэгтэй. Наршсан хүнд бие сулрах, толгой эргэх, дотор эвгүй болох, хөлс гарах багасч, анхаарал тогтохоо байж, биеийн халуун бага зэрэг нэмэгдэнэ. Мөн царайны өнгө цонхийж, бөөлжис цутгах шинж тэмдэг илэрдэг байна.