Монгол түмэн дэнж хотойтол сайхан наадлаа. Нар хур тэгширсэн, зуншлага сайтай налгар өдрүүд шинэ арслан, шинэ мэргэн, хурдан хүлгийн тоосонд даруулж өнжицгөөлөө. Сайны хажуугаар саар бас дагалдаж ирдэг хойно сэтгэл багагүй эмзэглүүлэм үйл явдал өрнөснийг энд илүү дурдахыг хүсэв.
Хурдан морины уралдаан нэлээд хэдэн хүлгийн гарзтай, нэжгээд бяцхан үриийнхээ амийг зольсноор өндөрлөв. Монголчуудын уухайлдаг хурдан соёолонгийн түрүү магнайг авсан уяач баярласандаа бахардаж, эмч домчийн буянаар бай шагналаа гардахаар Төв цэнгэлдэхэд ирсэн гэх сураг дуулдсан. Жилдээ ганц тохиодог Үндэсний их баяр наадамдаа хүн малгүй “сойгддог” болохоор тэр биз.
Сурын харваа тал талаасаа хумслуулсан багахан талбайдаа үзэгчийн орон зайгүй шахам болж өндөрлөсөн нь сэтгэл хөндүүрлүүлсэн сэдэв байсан. Гэхдээ энэ удаад юу юунаас илүүтэй бухимдал төрүүлсэн бөхийн барилдааны талаар шүүмж тэрлэхэд хүрлээ.
Энэ жилийн баяр наадмаар 512 бөх зодоглосноос аварга, арслангууд дөрвийн даваанд өвдөг шороодож, тавын даваанд таван начин төрсний нэг нь Ховд аймгийн Чандмань сумын харьяат, энэ жил 22 настай Аймгийн арслан Б.Пүрэвсайхан юм. Түүнийг зургаагийн даваанд Монгол Улсын харцага Л.Пүрэвжав амлалаа. Тэдний барилдаан нэлээдгүй сунжирч барьц сонгоход хүрсэн юм. Улмаар Л.Пүрэвжав харцагыг Б.Пүрэвсайхан барьц задарсан хойно хаясанд шаралхсандаа өрц рүү нь тийрч орхив. Хөлийн цэц тэднийг дахин барилдуулсан ч, хаялцахдаа хайнцсан гэж үзэн даага нэхэв. Энэ удаад Л.Пүрэвжав харцага улсын цолтой бөхийн ид хавыг үзүүлж, даацтай мэхээр далаар нь цэвэр тавьсан юм. Энэ бол тухайн үед болсон барилдааны үйл явц.
Монгол бөхөөрөө дэлхийд омогшдог ард түмэн баяр наадмын сайхан уур амьгалыг эвдэж, цол эрэмбээр илүү бөхийн өөдөөс өшиглөсөн Б.Пүрэвсайхан начинг ихэд буруушаав. Начин цолонд хүрсэндээ эрдсэн үү, төрийн тэргүүний нутгийн хөвүүн гэсэндээ аархсан уу их л омгорхуу барилдаж харагдсан, тэр. Залуу хүний омог бардам зан, бяр ааг гэж бахархаж харж суулаа. Гэтэл улсын харцага бөхийн өөдөөс уур омогтой өшиглөх тэр хүүхэд хэн бэ. Б.Пүрэвсайхан гэгчийг бойтгоо танихгүй мөлхөж явахад улсын цолонд эр бяраараа хүрсэн харцагыг тэр хэн гэж бодов? Монгол бөхийн босоо цагаан хийморь тэтгэсэн зүлэг ногоон дэвжээг тэр хаанах гэж бодов?
Энэ цагийн түүхэнд Г.Өсөхбаяр аварга А.Сүхбат аваргыг тийрч монгол даяар нь гайхшруулж байсан ч аварга хүний зангараг гарган ард түмэн, бөх андаасаа уучлалт хүсэж байсан базаахгүй түүх бий. Харин Б.Пүрэвсайхан гэгч залуу харцага Л.Пүрэвжавыг өшиглөчихөөд хээв нэг “сайхан барилдсан” гэж хэлээд зогсдог хэн бэ.
Энэ мэт ёс жудаггүй, монгол бөхийн нэр сүлдэд сэв суулгасан нөхдөд Монголын бөхийн холбоо яагаад арга хэмжээ авахгүй байна вэ. Энэ талаар дуурсах ч үгүй өнгөрөөхийн учир юу вэ. Хэдийгээр Л.Пүрэвжав харцага барьц задарсан хойно мэх хийсэн нь буруу байж болох юм. Тэгвэл шинэ начин харцагын буруутай үйлдлийг хөлийн цэцэд хандан шийдвэрлүүлж болох л байсан. Гэтэл борвины өтгөө арчиж дөнгөхгүй хүүхэд юун түрүүнд хөл гараа сарвагануулах юм.
Мөхөс бид чинь Монгол бөхдөө хорхойсч баяр наадмаа хүндэтгэж, баярлаж цэнгэж дадсан. Төдийлөн дүрэм журам, энэ тэрийг нь ухаж мэдэхгүй ч энгийн ойлголтоор бодоод үзэхэд Б.Пүрэвсайхан мэтийн хүүхдүүдийн толгойг илээд өнгөрүүлж болохгүй мэт. Угтаа бол олны нүдэн дээр ахмад цолтой бөхийг өшиглөж байгаа шинэ начингийн цолыг тэр дор нь хурааж, барилдах эрхийг нь нэг жилээс доошгүй хугацаагаар хасвал ч таарах юм шиг. Төрийн тэргүүн шударга сайхан наадаж, эр бяраараа даваа ахисан бөхчүүдэд зарлиг гарган цол олгодог. Тэгвэл шударга бус үйлдэл гаргаж, түмний нүдэн дээр монгол бөхийн дэвжээг “бузар”-ласан үл бүтэх нөхдөөс зарлиг гаргаад цолоо буцааж авч болдоггүй юм болов уу гэж гайхаж сууна. Нөгөө талаас Монголын бөхийн холбоо жудаггүй этгээдэд арга хэмжээ авч, холбооноосоо шийтгэл оногдуулж, барилдах эрхийг хасах, цаашлаад Монголын ард түмнээс уучлалт гуйлгах үүрэгтэй бус уу.
Энэ удаад Ерөнхийлөгч нутгийн бөхөө өршөөж, бөхийн холбоо толгойг нь илээд өнгөрөөж болох л юм. Гэсэн ч энэ цагийг эзэлсэн их хүчтнүүд сануулгаа өгөх нь дамжиггүй гэж тайтгарч сууна. “Гарьд магнай” гэж уран сайхны кинон дээр ааг омогтой жудгаар тааруу Жигмидэд “молиго” Очир хэрхэн сануулга өгч байсныг Монгол даяараа цээжээр шахуу мэднэ дээ. “Харцагын өөдөөс өшиглөдөг хүүг амлаж авч барилдъя, мань мэтийн өөдөөс өшиглөхийг нь үзье” гэх л байх. Л.Пүрэвжав харцага шиг зүлэг ногоон дэвжээндээ “цээжинд нь цус амтагдтал” далаар нь хаях л байлгүй яав гэж. Залуу насны ааг омгоо дарж, ахас дээдсээ хүндэлж, ууч энэрлийг хүсэхгүй аваас энэ цагийн тоосонд балраад өнгөрөх магадлал өндөртэй боллоо доо, “начин” Б.Пүрэвсайхан.
Ер нь Монгол бөхийн ёс зүй ихээхэн доройтож, элдэв хэл ам, хэрэг төвгийг ердийн үзэгдэл шиг үйлддэг болсон гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Улсын цолтой бөхчүүд хүчин, танхай, зодоон, дээрэм, хар тамхины хэрэгт холбогдож Монгол бөхийн нэр хүндэд хар тамга дарсаар байгаа нь бодит үнэн. Сүүлийн үеийн жишээ татахад Улсын харцага Намсрайжав замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, шаардлага тавьсан төрийн цагдааг зодон танхайрсан. Одоо тэрээр бүгд найрамдахаа уншуулах гээд явж байна. Ийм ч учраас ёс заншил, эрэмбэ жудгаа хамгийн их дээдлэх учиртай Монгол бөхийн нэр хүндийг өөд татахын төлөө, бусармаг бүхэнтэй хэрхэн тэмцэж байгаагаа Монголын бөхийн холбоо ард түмэндээ тайлагнах цаг ирсэн санагдана. Бөхөөр бизнес хийхийн тулд Японы сумо шиг нэр цэвэр, үнэ цэнэтэй авч явах нь зүйн хэрэг байх. Тэгээд ч Монгол бөхийн хөгжилд допингоос илүү аюул заналхийлж буй ёс жудгийг дээшлүүлэх тал дээр даацтай “мэх”, хатуу “гар” үгүйлэгдээд байна. Ардчилалын салхи сэвэлзсэн энэ цаг үед Монголын бөхийн холбоонд бас шинэчлэлийн хур буулгаж орхивол яасан юм бол. Үүнийг харин бөхөө дээдэлдэг, эрх мэдэлтэй эрхмүүд оюун санаа, ажил хэрэгтээ болгоовол таарах мэт.
Монгол бөхийн босоо цагаан хийморь өөдлөн дэвжиж, зүлэг ногоон дэвжээ ариун байх болтугай.
Э.Болор
www.shuum.mn