Японд урьд хожид байгаагүй өргөн нутгийг хамарсан үер болоод байна. Кюшю арлын өмнөд хэсэг бүхэлдээ усанд автсан бөгөөд 400 мянган оршин суугчийг нүүн шилжүүлэх тушаалыг орон нутгийн засаг захиргаанаас тавьжээ. Одоогийн байдлаар хөрсний нуралт болж, 24 хүн нас барсан бол найман хүн сураггүй болжээ. Кюшю аралд орсон хурын хэмжээ 110 мм/цаг байгаа агаад усны түвшин аажмаар нэмэгдсээр байгаа гэнэ. Тус арлын гол эргээсээ хальж, улмаар Фукуока, Кумамото, Сага, Оита зэрэг мужид хэдэн зуун барилга, байгууламж усанд автаад байна. Мөн үерт автсан зарим дүүргийн оршин суугчид гэрээ орхин нийтийн байр, сургуулийн байранд түр орогноод байгаа аж. Японы Ерөнхий сайдын өргөөнд байгалийн гамшигтай холбоотой мэдээллийг цуглуулах тусгай штабыг байгуулан ажиллаж байна. Аврах багийнхан өнгөрсөн бямба гаригт ойролцоогоор 50 мянган хүнийг үерийн бүсээс нүүлгэн шилжүүлжээ. Хөрсний нуралт, үерээс үүдэн хурдны замууд бүхэлдээ усанд автсанаас аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа аж. Мөн гамшгийн бүсэд төмөр зам эвдэрсэн байгаа бөгөөд цаг уурчдын мэдээлж буйгаар ширүүн бороо энэ долоо хоногт ч үргэлжлэн орох гэнэ. Мөн үүнтэй адил нөхцөл байдал Хятадад үүсчээ. Тус улсын баруун бүс нутгаар үер болж, хэдэн арван хүн амиа алдаж, мөн хоёр сая гаруй хүн хохирол амсаад байна. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт цахилгаангүй болж, харилцаа холбоо тасраад байна. Цаг уурчдын мэдээлж буйгаар ойрын гурван өдөр ширүүн бороо Аньхуй, Зянсу, Юнань, Хубэй мужид орох гэнэ. Мөн Зянси, Жөзян болон Сычуань мужаас гадна Түвдэд ширүүн бороо үргэлжлэн орох гэнэ. Тиймээс гамшигт нэрвэгдсэн бүс нутгийн оршин суугчдыг нүүлгэх ажиллагааг явуулсаар байна. Тодруулбал, Хятадын Гуйжоу мужид гэхэд хүчтэй бороо орсноос 11 хүн амиа алдаж, 980 мянган хүн хохирол амсчээ. Амь үрэгдэгсдийн дийлэнх нь хөрсний нуралтаас эндсэн аж.