АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон албан ёсны айлчлал хийсэн орныхоо тоогоор өмнөх Төрийн нарийн бичгүүдээ гүйцжээ.
Тус улсын Гадаад харилцааны яамны мэдээлснээр 2009 оноос энэ албыг хашиж буй Хиллари Клинтон одоогийн байдлаар 102 оронд айлчлаад байгаа аж. Тэрбээр гадаад орнуудын айлчлалд нийт 352 хоног буюу бараг жилийн хугацааг өнгөрүүлсэн байна. Түүнчлэн АНУ-ын Төрийн департаментын тооцоолсноор Клинтон хатагтай 1357414 км буюу дэлхийг 10 тойрсонтой адил хэмжээтэй замыг туулжээ.
Түүнээс өмнө Мадлен Олбрайт хамгийн их аялдаг Төрийн нарийн бичгийн даргаар тодорч байсан юм. Тэрбээр дэлхийн 98 оронд айлчилжээ. Мадлен Олбрайт нь АНУ-ын түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд 1997-2001 онд энэ албыг хашиж байсан билээ.
Харин Хиллари Клинтоны хувьд мягмар гарагт 67 дахь удаагийн дэлхийн айлчлалаа өндөрлөсөн. Тэрбээр саяхан Европ, Ази, Хойд Африк, Ойрх Дорнодоор аялан, Франц, Афганистан, Япон, Монгол, Вьетнам, Лаос, Камбож, Египет, Израиль зэрэг оронд саатжээ.
АНУ-ын тэргүүн хатагтай, сенатор байсан, өдгөө 64 настай Клинтон хатагтай ирэх 11 дүгээр сард болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа улстөрийг орхино хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Түүнийг “2016 онд Цагаан ордны тэргүүний төлөө өрсөлдөх үү” гэхэд эрс үгүйсгэсэн хариулт өгч байсан билээ. Хиллари Клинтон 2008 онд Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн сунгаанд өрсөлдөж, Барак Обамад ялагдсан аж.
Өглөөний сонин