Мөнхийн гоо үзэсгэлэн Э.Одгэрэл
Ton модель Э.Одгэрэлийг монголчууд жил бүр «Хамгийн дур булаам бүсгүй»-гээр нэрлэдэг. Тэрбээр Монголын загварын ертөнцөд №1 байр сууриа хэзээ ч, хэнд ч алдаж байгаагүй. Дөч гарсан хойноо ч арван хэдтэй охидтой зэрэгцэн гунхаж, тэднээс ч илүү цоглог, золбоолог харагдах энэ бүсгүй Монголын хамгийн өндөр үнэтэй загвар өмсөгч.
Мөнхийн залуу Э.Одгэрэл «Хүнд байдаг олон зүйл надад байдаггүй. Гэвч би амьдралд гомдоллодоггүй. Учир нь, энэ бол миний сонголт. Би хүссэн бол жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч, хүүхдүүдээ халамжилж, нөхрөө хайрлаад амьдарч болох л байсан шүү дээ» хэмээн ярьсан удаатай. Түүний тайзан дээрх ганцхан гараа л гэхэд 400-500 мянган төгрөг. Гэвч «Мөнхийн гоо үзэсгэлэн» хэмээх тодотголтой хатагтайгаар хувцсаа сурталчлуулах хүсэлтэй зохион бүтээгчид, байгууллагынхаа нүүр царайг тодорхойлох сонирхолтой пүүс, компаниуд мундахгүй. Toп модель бүсгүй хамтран ажиллах байгууллага, хувь хүмүүст ганцхан л шалгуур тавьдаг. Түүнтэй хамтран ажиллахын тулд олон жилийн туршид Монголын зах зээлд тэргүүлсэн, хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага эсвэл чанартай уран бүтээлүүдээрээ олонд танигдаж, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн байхад л хангалттай.
Түүний онцлог нь нэг компанитай удаан хугацааны гэрээ хийхийг чухалчилдаг бөгөөд дунджаар найман сая төгрөгөөр нэг жилийн гэрээ байгуулдаг аж.
Д.Пүрэвсүрэн бүх талаараа «од» бүсгүй
Монголын загварын ертөнцийн гоо бүсгүйчүүдийн нэг Д.Пүрэвсүрэнгийн үнэлгээ тун өндөр. Гэхдээ сурталчилгаанд тоглох нэг удаагийн хөлс нь тийм ч өндөр биш. Тиймээс ч тэрбээр нэг жилийн хугацаанд олон арван гэрээнд гарын үсэг зурдаг байна. Пүүжээ 300-400 мянган төгрөгөөр нэг удаа тайзан дээр гардаг нь зарим хүнд хямд мэт санагддаг нь нууц биш. Гэвч Д.Пүрэвсүрэн өөрийнхөө үнэлгээг сайн мэддэг бүсгүй. Тиймээс тэрбээр мөнгө төлсөн зохион бүтээгч болгоны хувцсыг өмсөж, байгууллага бүрийн рекламанд тоглоод байдаггүй. Монголын ард түмний «шилдгийн шилдэг» хэмээн хүлээн зөвшөөрсөн болон өөрөө бүтээгдэхүүнийг нь хэрэглэдэг байгууллагатайгаа л гэрээ байгуулдаг.
Тэрбээр«Мобиком » компанитай хамгийн өндөр цалинтай гэрээг байгуулж байжээ. Тодруулбал, тус компанийнхан хэрэглэгчдийнхээ гар утасны дэлгэцэн дээр топ моделийн нүцгэн зургуудыг байрлуулахын тулд 30 сая төгрөг төлсөн юм. Загвар өмсөгчдөөс хамгийн олон кинонд дүрээ мөнхөлсөн нь мэдээж Пүүжээ. Түүний хамгийн уян хатан ханддаг зүйлсийнх нь нэг кинонд тоглох санал гэхэд хилсдэхгүй. Тэрбээр жүжигчин мэргэжилтэй. Тиймээс ч мэргэжлийн ур чадвараа сайжруулах, ахмад, туршлагатай хүмүүсээс суралцах зорилгоор кинонд тоглох саналыг уриалгахан хүлээж авдаг байна.
Кино зохиол болоод бүтээх дүр нь таалагдсан л бол цалин хөлс авалгүй тоглоход ч бэлэн байдаг Пүүжээгийн гоо үзэсгэлэнгээр үзэгчдийг татах хүсэл найруулагч болгонд бий. Учир нь тэрбээр гоо үзэсгэлэн, авьяас чадвар гээд бүхий л талаараа үнэхээр «од» бүсгүй билээ.
Титэмгүй хатан хаан Г.Оюунгэрэл
Азийн хатан хаан Г.Оюунгэрэл. Тэрбээр БНХАУ-д зохиогдсон «Олон улсын аялал жуулчлалын мисс-2007» тэмцээнээс дээрх өргөмжлөлийг хүртсэнээр Монголын загварын ертөнцөд хаалга тогшилгүй орж ирсэн юм. Гэвч Г.Оюунгэрэл энд тэнд зохион байгуулагддаг загварын шоун дээр тэр бүр үзэгдээд байдаггүй. Байгууллагуудын реклам сурталчилгаа, алдартай дуучдын клипэнд ч бараг тоглодоггүй. Тэр ч бүү хэл, Монголын загварын хамгийн том наадам болох «Гоёл»-ын тайзан дээр ч тоотой харагддаг.
Хамгийн төгс галбиртай бүсгүйчүүдийн нэг гэгддэг Г.Оюунгэрэл нэгэн үе Хятадын дотуур хувцасны алдартай брэндийн нүүр царай болж байв. Тэрбээр уг компанитай 100 мянган еврогийн гэрээг хоёр жилийн хугацаатай байгуулсан гэдэг. Монголд төдийлөн олон жил загвар өмсөөгүй учир «топ модель» цол ч хүртэж амжаагүй түүнийг найзууд нь «Титэмгүй топ» хэмээн өхөөрддөг аж. Гэвч тэрбээр Солонгосын алдарт загвар зохион бүтээгч Андрей Кимийн урилгаар тус улсад загвар өмсөж, дэлхийн олон орны алдартай топуудыг гайхшруулж яваа. Түүнийг Монголд байх хугацаандаа улстөрч нэгэн эрхмийн хайрыг булааж, онгоцон дотор улаан сарнай дэвсүүлэн алхаж байсан хэмээн нэгэн үе хэвлэлээр шуугьж байсан билээ. «Такси Ко» компанийн захирал залууг амьдралынхаа ханиар сонгосон Г.Оюунгэрэл нөхрөөсөө дутахааргүй орлого олдог бөгөөд тэр хэрээрээ тансаг хэрэглээтэй нэгэн гэсэн шүү.
Дэлхийд цуутай Э.Сэлэнгэ
Э.Сэлэнгэ бол дэлхийн загварын тайзнаа Монголын сайхан бүсгүйчүүдийг төлөөлдөг цөөхөн хүний нэг. Тэрбээр 2006 онд «Монголын сайхан бүсгүй»-ээр шалгарч, «Дэлхийн мисс шалгаруулах тэмцээн»-д оролцсоноор дэлхийд алдарших үүд хаалгаа нээсэн юм. «Эра» төвөөс загварын гараагаа эхэлсэн загвар өмсөгч, мисс бүсгүй Сингапурын нэртэй загвар зохион бүтээгчийн хараанд өртсөнөөр тус улсад ажиллаж, амьдрах болсон, Тэрбээр тус улсын загварын тайзан дээр алхаж эхлээд ганцхан жилийн дотор өөрийн ханшаа гурав дахин өсгөсөн чадварлаг бүсгүй.
Э.Сэлэнгэ Сингапураас гадна Азийн нэлээд хэдэн орны тайзан дээр дэлхийн өсөх ирээдүйтэй моделиудтай мөр зэрэгцэн алхаж явсан азтай нэгэн. Түүнчлэн олон улсын хэмжээний сайттай гэрээ байгуулж, дэлхий даяар нүцгэн зургаа цацан, монголчуудыг алмайруулж явсан. Мөн «Помогите нам-2» кинонд жижигхэн дүрийг ч гэсэн чадварлаг бүтээсэн байдаг. Уг киноны продюсер мисс бүсгүйгээр дэлгэцээ чимэхийн тулд нэлээд өндөр үнэ төлсөн гэцгээх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ Э.Сэлэнгэ «Помогите нам»-ын уран бүтээлчдийг хүндэлдэг учир өндөр хөлс аваагүй гэсэн. Тэрбээр нөхөрт гарсныхаа дараа сурч боловсорч, мөн тайван амьдрахыг дэлхийн хэмжээний загвар өмсөгч болохоос илүүд үзсэн байна. Мисс бүсгүй одоо АНУ-ын Лос Анжелес хотод олон улсын аялал жуулчлалын чиглэлээр суралцаж буй.
Г.Уранцэцэг буюу төгс галбир
«Гоёл» наадмын 2007 оны топ модель Г.Уранцэцэг. 14 настайдаа анх загварын тайзнаа гарсан энэ бүсгүй насанд хүрэхээсээ өмнө багшийнхаа хамт Германд амьдарч байсан. Тэнд байхдаа загвар өмсөгчийн уран чадварт суралцахын зэрэгцээ европын моделиудтай мөр зэрэгцэн алхаж, загварын тайзыг эзэгнэж явжээ. Г.Уранцэцэг эх орондоо ирмэгцээ ХИС-д олон улсын менежментийн чиглэлээр суралцахын зэрэгцээ Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа бий болгож чадсан юм. Тэрбээр «Загвар өмсөгч хүн заавал царайлаг байх албагүй» хэмээн ярьдаг. Загварын ертөнцийнхөн «Модель хүнд байх ёстой төгс төгөлдөр галбир гагцхүү Урнаад л байдаг» хэмээн шуугицгаадаг.
Тэрбээр тайзан дээр нэг удаа гарахдаа өөрийгөө 300-450 мянган төгрөгөөр үнэлдэг. Топоор бүтээгдэхүүнээ сурталчлуулах хүсэлтэй пүүс, компаниуд олон байдаг ч Урнаа тэдний саналыг тэр бүр хүлээж аваад байдаггүй аж. Тиймээс олон тайлбар хэлэхгүйн тулд тэнгэрт хадсан өндөр үнэ хэлдэг гэнэ. Г.Уранцэцэг ганцхан «АПУ» компанитай олон жилийн гэрээ байгуулсан бөгөөд хэдэн төгрөгийн цалин авдгаа тун ч нууцалдаг байна.
Монголын загварын ертөнцийн хамгийн үнэтэй залуу
Топ модель Д.Пүрэвсүрэнтэй хослон, «Гоёо» брэндийг сурталчлан олны өмнө гарч ирсэн энэ залуу бол «Эра» төвийн захирал Д.Эрдэнэтуяагийн ганц хүү. Газар дээрх ганц эрдэнээ эрх дураар нь өсгөхийн тулд олон жилийн турш нөхөрт гараагүй ээжээсээ зөрүүдлэн байж тэрбээр загвар өмсөгчийн замыг сонгожээ. Э.Энхболд загварын ертөнцөд танигдаж эхлээд хоёр жил гаруй л болж байгаа. Гэвч аль хэдийнэ Монголын загварын ертөнцийн хамгийн өндөр үнэтэй залуу болжээ. Түүний энэхүү амжилтыг ээжийнх нь нэр хүндтэй холбон тайлбарлах хүн цөөнгүй.
Гэвч тэрбээр 2011 онд Солонгос улсад зохион байгуулагдсан «Korean model association» тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, «Шилдэг эрэгтэй загвар өмсөгч»- өөр шалгарсан юм. Ийнхүү тэрбээр «Ээж минь миний амжилтад нөлөөлдөггүй» гэдгээ үгээрээ биш үйлдлээрээ баталсан билээ. Э.Энхболдыг дотны нөхөд нь Эндого хэмээн дууддаг. Эндого тайзан дээр нэг удаа ямар хөлсөөр гардгаа ихэд нууцалдаг. Харин реклам сурталчилгааны гэрээг урт хугацаагаар байгуулахыг эрхэмлэдэг. Тиймээс хугацаа нь урт байх тусам үнээ багасгадаг байна. Тэрбээр нэг жилийн гэрээг дунджаар 6-7 сая төгрөгөөр байгуулдаг сурагтай.
Азийн супер фото модель Д.Энхсүрэн
Гоо үзэсгэлэн, гоолиг галбирынхаа зургийг Азийн бүх оронд «тараасан» энэ бүсгүйг Азийн топ модель Д.Болормаагийн дүү гэдгээр нь хүмүүс андахгүй. «Монгол модель» агентлагийн загвар өмсөгч бүсгүй англи хэлний орчуулагч мэргэжилтэй. Тэрбээр дэлхийд алдартай загварын сэтгүүлүүд болох Vogue, Bazaar, Crew, Herworld, Indigo- гийн нүүрэнд заларч, Dior, Burberry зэрэг томоохон брэнд, үнэ, чанараараа дэлхийд танигдсан Piaget цаг, алт, алмаазны компаниудын нүүр царай болсон. Мөн BBQ, Dell, Giordano зэрэг брэндийн рекламд тоглож, Sony Bravia-гийн албан ёсны нүүр царай болж яваа түүнийг монголчууд Сүүгий хэмээн дууддаг.
Дэлхийн загварын ертөнцөд монгол бүсгүйчүүдийг төлөөлж, эх орныхоо нэрийг дэлхий дахинд сурталчилж яваа моделиуд цөөнгүй. Гэвч түүн шиг олон улсад танигдаж чадсан монгол загвар өмсөгч байхгүй гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.
Ц.Баттуяа
Эх сурвалж: Өглөөний сонин