logo
“Шинь шинь”-ий хятадуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

“Шинь шинь”-ий хятадуудын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

2012/07/24
Дорнод аймгийн Дашбалбар сум дахь Улааны холимог металлын ордод үйл ажиллагаа явуулж байсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинь шинь” компанийн удирдлыг УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсныг Улсын ерөнхий прокурорын газраас татан авч хянаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тус компанийн удирдлага болох есөн хүнд УМБГ-ын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс Эрүүгийн хуульд заасан хууль бусаар ашигт малтмал олборлосон, эд зүйл хууль бусаар хил давуулсан, байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр шалгаж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байсан юм.

Гэвч саяхан УЕПГ-аас уг хэргийг гэнэт татаж хянаад гэмт хэргийн шинжгүй байна гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Монгол Улсын эдийн засагт их хэмжээний хохирол учруулаад байгаа уг компанийн удирдлагад холбогдох хэргийг УЕПГ-аас ийнхүү хэрэгсэхгүй болгосонд байгаль хамгаалах чиглэлийн төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн ихээхэн гайхаж, бухимдаж байгаа аж.

Байгаль хамгаалах төрийн бус байгууллагын эх сурвалж “УЕПГ-ынхан өмнө нь олны анхаарал татсан олон хэргийг татаж авч хянаад хэрэгсэхгүй болгож байсан. Хүчингүй болсон тусгай зөвшөөрлөөр ашигт малтмал олборлож, Монгол Улсын эдийн засагт урьдчилсан байдлаар 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хятадуудын толгойг тус газрынхан юуны учир илээд өнгөрөв. Бид энэ асуудлаар цаашид тэмцэх болно” гэсэн юм.

“Шинь шинь”-ийн хятадууд 110 вагон ашигт малтмал, уран хил давуулсан аж. Тус компанийнхан тусгай зөвшөөрлөө шинэчлээгүй, хүчингүй болсон лиценз ашигласан гэнэ. Уг нь Цөмийн энергийн газраас “Шинь шинь”-ийн удирдлагад удаа дараа албан тоот илгээж, хүчингүй болсон тусгай зөвшөөрлөө хураалгах шаардлага хүргүүлж байсан ч хууль бусаар ашигт малтмал гаргахын тулд тус компанийнхан үл тоомсорлосоор ирсэн гэдэг.

Ийнхүү Монгол Улсын эдийн засагт 110 тэрбум төгрөгийн хохирол учруулсны зэрэгцээ олон хүнийг химийн хорт бодисоор хордуулсан асуудал ч байгаа сурагтай. Энэ талаар байгаль орчны төрийн бус байгууллагын эх сурвалж “Ураны цацрагийн хордлогод хүмүүс хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрч байгаа. Та бүхэн өөрсдөө эрэн сурвалжилбал маш ноцтой зүйлүүд гарч ирнэ” гэсэн юм.

Цагдаагийнхнаас энэ талаар лавлахад ямар нэгэн мэдээлэл өгөхийг хүссэнгүй. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш