logo

"Алтан гөрөөс" олон улсын яруу найргийн фестиваль болно

2012/07/25
Монгол Улсад анх удаа олон улсын яруу найргийн фестиваль ирэх 9 дүгээр сарын 9-нөөс 17-ны өдрүүдэд болох гэж байна. Эх дэлхий, байгалиа хайрлан дуулах, хадгалан хамгаалах зорилгын дор олон улс орны яруу найрагчид нэгдэж онгон байгальд зохиох уншлага, аялал наадмын нэр нь "Алтан гөрөөс" ажээ. Гадаадын орнуудаас нийт 15, Монгол талаас 10, нийт 25 найрагч уг наадамд оролцох ажээ. Фестивальтай холбоотой бүх зардлыг ивээн тэтгэгчид болон хамтран зохион байгуулагчид хариуцах юм байна.
Дорноговь аймгийн Хамарын хийд, Хатанбулаг сум дахь Эргэлийн зоо, Улаанбаатар хотын ойролцоох Цонжин болдог дахь Чингис хааны хөшөө, Заан-Тэрэлж зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар тэд аялан уншлага хийх юм.
Фестивальд оролцохыг хүссэн яруу найрагчид 8 дугаар сарын 15-ныг хүртэл бүртгүүлэх юм байна. Оролцох яруу найрагч, зохиолчдод өөрийн болон амьдардаг тухайн улс орондоо тодорхой хэмжээнд танигдсан байх, ном, бүтээл нь хэвлэгдсэн байх, англи хэлтэй байх гэсэн үндсэн шаардлагуудыг тавих ажээ.
Уг фестивалийг Монголын зохиолчдын эвлэл, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Бельгийн вант улс дахь Монгол Улсын өргөмжит консул Паул Ван Воувэ, "Шинэ-Монгол" радио, Дорноговь аймгийн "Хурмаст тэнгэр" утга зохиолын төв, утга зохиолын "Хөх Мэдрэхүй" бүлгэм, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа аж.
Я.Баяраа
МОНЦАМЭ
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш