logo
УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгоход МАН-ын гишүүд оролцсонгүй

УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгоход МАН-ын гишүүд оролцсонгүй

2012/07/25
Энэ сарын 6-нд эхэлж, өнгөрсөн баасан гарагт үргэлжлэн хуралдах гээд чадаагүй УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр үргэлжилж, УИХ-ын даргаа сонголоо. Гэхдээ УИХ-д МАН-аас сонгогдсон нэг ч гишүүнгүйгээр анхдугаар чуулган үргэлжилсэн юм.
Одоогоор УИХ-д тангаргаа өргөөд байгаа 69 гишүүний 25 нь МАН-ын гишүүн юм. УИХ-ын даргыг сонгох асуудлаар хамгийн олон суудал авсан АН-ыг МАН-тай зөвшилцөөгүй учир анхдугаар чуулганы хуралдаанд оролцох боломжгүй гэж МАН-ын гишүүд мэдэгдсэнээс хойш УИХ-ын анхдугаар чуулган хуралдаж чадахгүй байсан юм. Түүнээс гадна өнөөдөр МАН-ын бага хурал хуралдаж байгаа учир тус намын гишүүд анхдугаар чуулганд оролцох боломжгүй байв.
Харин анхдугаар чуулганыг даргалагч, УИХ-ын хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл өнөөдөр өглөө УИХ-ын гишүүн, АН-ын дарга Н.Алтанхуягт хүсэлт тавин уулзжээ. Н.Алтанхуяг гишүүнийг Д.Дэмбэрэл даргатай уулзахаар явсан хойгуур УИХ-ын чуулганы танхимд үлдсэн гишүүд анхдугаар чуулганыг насаар хоёр дахь ахмад гишүүн болох Л.Цогоор удирдуулан үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлцгээж байлаа. УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ч.Сайханбилэг, Ж.Батзандан, А.Бакей зэрэг хэд хэдэн гишүүн ийм саналтай байгаагаа хэлэхэд АН-ын бусад болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын гишүүд мөн бие даагчид ч үүнийг дэмжиж байсан юм.
Гишүүд ийн саналаа хэлж байх хооронд АН-ын дарга Н.Алтанхуяг чуулганы танхимд эргэж ирэн, Д.Дэмбэрэл дарга маргааш 10.00 цагаас хуралдъя гэж байна гэсэн ч Ч.Сайханбилэг гишүүн, УИХ-ын насаар хамгийн ахмад гишүүн намынхаа ажлыг төрийн ажлаас дээгүүр тавьж байна. Тийм учраас бүгдээрээ төрийнхөө ажлыг хийе. Манай зарим гишүүд горимын санал гаргасан. Дэмбэрэл гишүүний дараа насаар хамгийн ахмад нь Л.Цог гишүүн байгаа. Дэмбэрэл гишүүн 4 хоног хүлээлгэлээ. Дахиад хүлээлгэе гэж байгаа юм байна. Энэ талаар санал хураах хэрэггүй. Энд ямар нэг хууль зөрчсөн асуудал байгүй. Үндсэн хуулийн дагуу явж байна гэж үзэж байна. Санал хураах нь өөрөө хууль зөрчсөн явдал болно гэсэн юм. Харин Л.Цог гишүүн, ард түмний итгэл хүлээсэн УИХ-ын даалгавар гэж ойлгож байна. Ямар ч байсан та бүхний саналыг харъя. Дараа нь асуудал гарч магадгүй гэсэндээ ингэж байгаа юм гэхэд гишүүд түүнийг хурал даргалахыг дэмжсэнээр УИХ-ын даргын суудалд суун ирц 62.3 хувьтай байгааг зарлаад, УИХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцүүллээ.
Анхдугаар чуулганд АН-ын дарга Н.Алтанхуяг УИХ-ын даргад нэр дэвшигчийн талаар танилцуулсан юм. Харин УИХ-ын даргад нэр дэвшигчээс Д.Ганхуяг, Н.Батцэрэг нарын хоёр л гишүүн асуулт асуулаа. УИХ-ын даргын хамгийн ахмад гишүүн гэдэг хүндлэлийг эрх мэдэл болголоо. Энэ мэт төрийн үйл ажиллагааг намын ажлаас доогуур тавьдаг, хүнд суртал, хууль зөрчдөг байдалтай хэр тэмцэх вэ? гэсэн Д.Ганхуяг гишүүний асуултад З.Энхболд гишүүн, УИХ-ыг хууль тогтоох байгууллага гэж ойлгодог. Үүний хажуугаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн хоёр дахь үүрэг байдаг. Энэ удаагийн УИХ хуулийн хэрэгжилтэд хууль тогтоохтойгоо адил анхаарал хандуулж ажиллана гэлээ. Харин Н.Батцэрэг, УИХ хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаас гадна Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Энэ дээр яаж ажиллах вэ?. Мөн УИХ-ын тамгын газрын үйл ажиллагааг чиглүүлж удирдах чиглэлээр хэрхэн ажиллах вэ? гээд Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбоотой байр суурийг нь тодрууллаа. З.Энхболд гишүүн, Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт өнгөрсөн жилүүдэд муу байсан. Тиймээс засч залруулах зүйл зөндөө бий. УИХ-ын тамгын газар ч гэсэн гэсэн улстөржилгүй ажиллах үүргээ төдийлөн биелүүлж чадаагүй. Үндсэн хуульд цаашдын өөрчлөлт хийх ёстой гэсэн бодол байгаа гэсэн хариулт өглөө.
Харин УИХ-ын даргад нэр дэвшигчид хандан Ц.Даваасүрэн, Г.Уянга, Ж.Батзандан, А.Бакей нар саналаа хэлсэн юм. Гэхдээ Г.Уянга гишүүн УИХ-ын даргад нэр дэвшигчид хандан санал хэлсэнгүй, харин анхдугаар чуулганыг ингэж үргэлжлүүлэх нь зөв үү? Хүлээзнэвэл яасан юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн ч хуралдааныг даргалж байгаа Л.Цог гишүүн, энэ байр сууриа хуралдаан эхлэхийн өмнө илэрхийлэх хэрэгтэй байсныг сануулсан юм.
Ингээд УИХ-ын даргад нэр дэвшигч З.Энхболдыг сонгох асуудлаар болон УИХ-ын даргыг сонгох тухай тогтоолын төслийг батлах санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн 95.2 хувийн саналаар УИХ-ын шинэ даргыг сонголоо. Үүний дараа УИХ-ын даргын тамгыг залах ёслолын ажиллагаанд шилжиж, УИХ-ын даргын тамгыг хуралдаан даргалагч УИХ-ын гишүүн Л.Цог УИХ-ын дарга З.Энхболдод гардуулан өгсөн юм.
УИХ-ын даргыг сонгосны дараа УИХ дахь АН-ын гишүүд бүлэг байгуулсан албан бичгэээ УИХ-ын даргад гардуулж, энэ албан бичгийг УИХ-ын дарга гишүүдэд уншиж танилцуулснаар УИХ дахь АН-ын бүлэг албан ёсоор байгуулагдсаныг зарлаад УИХ-ын анхдугаар чуулган түр завсарлууллаа.
Одоо УИХ-ын анхдугаар чуулганд УИХ дахь АН-аас бусад нам, эвсэл бүлгээ байгуулах, УИХ-ын дэд дарга, байнгын болон дэд хороодыг байгуулан даргыг нь сонгох, Засгийн газрыг бүрдүүлэх ажил үлдэж байна.
Ш.Эрдэнэ  
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш