logo
Нэг намыг харж төр гацах учиргүй

Нэг намыг харж төр гацах учиргүй

2012/07/25
МАН-ын бүлгийн гишүүд оролцохгүй байгаагаас УИХ-ын анхдугаар чуулган гацаанд ороод хоёр дахь өдрийнхөө нүүрийг үзэж байна. Энэ талаар УИХ-ын эрхэм гишүүдийн байр суурийг сонирхлоо. Тэднээс УИХ-ын анхдугаар чуулганыг гацаанаас гаргахын тулд гишүүнийхээ хувьд юу хийх ёстой гэж үзэж байгаа болон гацаанаас гарахын тулд насаар хоёр дахь ахмад гишүүнээр чуулганыг даргалуулах боломж, гарц бий эсэхийг лавласан юм.


УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:

-Миний хувьд хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл гишүүнийг иргэний хариуцлагаа хүлээх ёстой гэж бодож байна. Хамгийн ахмад гишүүнд Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхээр Д.Дэмбэрэл гишүүний иргэний үүрэг хариуцлагаас их зүйл хамаарах ёстой гэж хүлээж байна. МАН-ын бүлгийн гишүүд орж ирэхгүй байх шалтгаан байхгүй. Улс төрийн зорилгоор зориуд орж ирэхгүй байя. Зориуд гацаая гэсэн шалтгаан л байж магадгүй юм. Тэрнээс биш хуулийн хувьд орж ирэхгүй байх үндэслэл байхгүй. УИХ-ын даргын асуудлаар зөвшилцөх гэдэг бол бие биедээ албан бичиг илгээх, олонх болсон тал нь бид ингэж олонх боллоо гэдгээ илэрхийлэх зарчмаар явчихсан байгаа. Хуулийн хувьд чуулганд орж ирэх бүх болзол хангагдсан. Ганцхан улс төрийн зорилгоор чуулганыг гацаах шалтгаан байгаа учраас орж ирэхгүй байна гэж үзэж байна.

Д.Дэмбэрэл гишүүний хувьд улс төрийн зорилго, хариуцлагаас гадна энэ хүнд Монгол Улсын төрийн өмнө хүлээсэн, ахмад хүнийх нь хувьд хуулиар хүлээлгэж байгаа үүрэг хариуцлагыг давхар мэдэрч, хариуцлагаа хүлээж орж ирээсэй гэж бодож байна.

Хоёр дахь ахмад гишүүнээр хуралдаан даргалуулах гарц байхыг үгүйсгэхгүй. Үндсэн хууль дээр цорын ганц хамгийн ахмад гишүүнээр даргалуулна гэсэн зүйл бас байхгүй. Зарим үед ахмадуудын нас чацуу байж болно. Зарим тохиолдолд хамгийн ахмад гишүүн чуулганд орж ирэхгүй гэж шийдсэн байж болно. Тэр тоолонд Монголын төр гацаж байх ёсгүй. Төр төмбөгөр, төр ажлаа хийх ёстой. Төр ард түмний өмнө хүлээсэн үүрэгтэй учраас үүргээ биелүүлэх ёстой.


УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:


-Эхний ээлжинд Д.Дэмбэрэл гишүүн гацаанаас гаргах үүрэгтэй хүн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл УИХ-ын дэгийн тухай хуульд насаар хамгийн ахмад гишүүн нь анхдугаар чуулганыг даргална гэж заасан. Насаар ахмад гэдгийг санаандгүй бичээгүй. Гишүүдийг цагаан толгойн дарааллаар жагсаасангүй. Ямар нэг нам, эвслээр хийгээгүй байна. Чухамдаа насаар хамгийн ахмад гэдгийн ард юу байгаа вэ гэвэл төрд хамгийн олон жил зүтгэсэн, эрх ашгийнхаа эрэмбийг зөв тавьж чаддаг, аль нэг нам, эвсэл, бүлгийн эрх ашигт илүү үйлчлэхгүй байх тийм хий нь арилсан хүн байна гэж томъёолсон байна. Ард нь тийм монгол ухаан, монгол жудаг харагдаж байна шүү дээ. Тэгэхээр Д.Дэмбэрэл дарга анхдугаар чуулганыг гацаанаас гаргах шаардлагыг гишүүддээ тавих байх аа гэж найдаж байна.

Хоёр дахь ахмадаар даргалуулна гэдэг одоогоор хуулийн зохицуулалтгүй учраас зөв, буруу гэж хэлж болохгүй юм байна лээ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг:


-Төрийн ажил тасралтгүй явах ёстой. Монгол Улсад улирлын чанартай намар, өвлийн бэлтгэлийн ажил удахгүй залгана. Түүнээс чухал асуудал гэвэл өнөөдөр Монгол Улсын эдийн засагт гадаад эдийн засгийн өөрчлөлттэй холбоотой санаа зовоосон асуудлууд бий болж байна. Тиймээс төр, засаг түргэн байгуулагдаж ажилдаа орох ёстой. УИХ дотор олонх байгуулагдсан. УИХ-ын ажил цаашдаа гацаагүй тууштай явахад хамгийн гол нь МАН-ын зүгээс хариуцлагатай хандах ёстой. Эрх биш олон жил төрийн эрх барьж байсан энэ хүчин үйл ажиллагаандаа дүгнэлт хийж УИХ удахгүй гацаанаас гарах байх гэж бодож байна.

Хуралдаан даргалагч Д.Дэмбэрэл гишүүн нэг намын гишүүн гэсэн хатуу байр суурь барихаасаа илүү УИХ-ын гишүүн, Монгол Улсын иргэн хүний хувиар, хамгийн ахмад гишүүний хувьд хариуцлагатай хандах ёстой. Д.Дэмбэрэл гишүүнийг 2,7 сая монголчууд бүгдээрээ хараад сууж байна гэж хэлмээр байна.

Хоёр дахь ахмадаар даргалуулна гэдгийн хувьд хуульчид асуудлыг харж байгаа байх. Хуулийн хүрээнд гарц боломжтой бол энэ хувилбарыг авч үзэх ёстой. Яагаад гэвэл нэг хүнийг юм уу, нэг намын бүлгийг хараад улс орны ажил гацаад байж таарахгүй. Хуульчид ийм тайлбар хайж байгаа гэж бодож байна. Төр тасралтгүй ажиллана гэдэг бол улс орны аюулгүй байдлын асуудал шүү дээ. Хэн нэг хүн, улс төрийн хүчнээс болж төр, засгийн ажил гацах ёсгүй.


УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:


-УИХ-ын гишүүд ард түмний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй. Сонгогдсон гишүүд үүргээ гүйцэтгэх хэрэгтэй. Гишүүд бүгдээрээ тангараг өргөсөн. Тэр тангаргаа байнга бодож явах хэрэгтэй. “Нийт иргэний эрх ашгийг дээдэлнэ. Хуулийг чандлан сахина” гэсэн тангараг өргөсөн. Тэгэхээр гишүүд үлгэр жишээ баймаар байна. Энэ марзан байдлаасаа гармаар байна. Хуульд бол хоёр дахь ахмадаар даргалуулж болох талаар бичсэн зүйл байхгүй. Анхдугаар чуулган ер нь эхэлсэн. Ярилцаж байгаад болох биз гэж бодож байна.







УИХ-ын гишүүн Г.Уянга:


-Тангараг өргөсний дараахан би гишүүддээ хандаж нэг уриалга гаргасан. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр л энэ гацаанаас гарна. Өөр гарц байхгүй гэж. Томоор нь асуудлыг харвал Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй. Өөр гарц алга. МАН ганц нэг хоногийн л хожоо хайж байгаа болохоос өөр цаашаа явц байхгүй. МАН-аар илүү хяналт тавиулъя. Сөрөг хүчин болгоё гэж цөөнхийн суудал өгөөгүй. МАН-ыг эрх барьж чадахгүй байна. МАН-ыг больё гэсэн сэтгэхүйгээр сонгогчид сонголт хийсэн. Тэгэхээр МАН чуулган гацаагаад, тав арав хоногийн хожоо хайгаад байх явдалгүй.

Д.Дэмбэрэл гишүүнийг гайхаж байна. Тэр хүнд Монгол төр хүндэтгэлээ үзүүлж Чингис хааны одонгоор саяхан шагнасан. Би хүртэл залуу гишүүний хувьд орой хүлээн авалтад нь очиж “Та Монгол төрд олон жил ноён нуруу нь болж яваарай” гэж бэлгэ дэмбэрэлтэй үг хэлж хүндэтгэл үзүүлсэн. Д.Дэмбэрэл гишүүн МАН-ын бүлгийг дагах биш, ахмад гишүнийхээ хувиар хуралдаанаа удирдаж төрд ажиллах бололцоо олгох ёстой хүн. Хоёр дахь ахмад гишүүнээр хуралдаан даргалуулах хууль зүйн боломж байхгүй юм билээ. Дахин ийм гацаа үүсгэхгүй гэвэл зайлшгүй Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй юм билээ гэлээ.


Гишүүд ийм байр суурьтай байна. Гэлээ ч МАН-ын бүлэг хуралдаанд орж ирэхгүй байгаагаас УИХ-ын ажил дахин нэг өдөр нэмж гацаанд оров.
 
                                Д.ОЮУН
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш