logo
Оюу толгой дахь Монгол, Хятадын үнэлэмжийн ялгаа

Оюу толгой дахь Монгол, Хятадын үнэлэмжийн ялгаа

2012/07/25
“Оюу толгой” компани олон хятад цөөхөн монгол ажиллуулж байгаа талаар манай сайт өчигдөр мэдээлсэн. Тэгвэл гэрээнд заагдаагүй хууль бус ажилчдын квотоос гадна энэ компанийн дотор цалингийн асуудал бас томоохон үнэлэмжийн ялгааг харуулаад зогсохгүй, монголчуудын хөдөлмөрийг үл ойшоосон байдлыг илтгэж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл хятад ажилтан хөдөлмөрөө өндрөөр үнэлүүлж, монгол ажилтнууд бага цалин авдаг гэж ойлгож болно. Тус компанийн хүний нөөцийнхөн энэ мэдээллийг үгүйсгэж олон монгол ажилтантай мэтээр захиалгат нэвтрүүлгүүд цацуулсаар байдаг ч дотроо ажиллаж байгаа монголчуудын хувьд үнэхээрийн тооны хувьд цөөнөөс гадна хөдөлмөрийн үнэлэмж ялгаатай гэдгийг батлаад өгнө. Яагаад цөөхөн монгол ажилтантай байгаа тухай тодруулахад, тус компанийнхан 36 тэрбум төгрөг зарцуулан 3300 монгол ажилтаныг сургаж байгаа, сургалтанд хамрагдаад дууссаны дараа ажлын байраар хангана гэсэн тайлбарыг өгдөг. Үнэндээ бол гэрээнийхээ дагуу бол нийт ажилчдын 90 гаруй хувь нь монголчууд байх ёстой ч өдгөө энэ харьцаа алдагдаад удаж байгаа юм.

Мөн Оюу толгой төслийн хүрээнд барилгажилтын ажил явагдана. Энэ ажилд нийт ажилчдын 40 хүрэхгүй хувь нь гадаадынх байх ёстой гэсэн квотыг зааж өгсөн юм. Гэтэл нийт 100 гаруй мянган хятадыг Монголд оруулж барилгын ажил хийлгэхээр нэгэнт тохиролцоогоо хийгээд байна. Гар дээрээ нэг сая гаруй мянган төгрөгний цалин авна гэсэн амлалт өнөөдөр бодитоор хэрэгжээгүй, сарын тал хугацаанд ажилчид амардаг гэсэн нэрийдлээр 700 гаруй мянган төгрөгний цалин өгдөг гэж байна. Харин хятад ажилчид илүү цалин авдаг тухай монголчууд мэр сэр мэдээлэл хийсэн юм. Тус компанийн удирдлагууд энэ талаар яриа гаргасан хүмүүсийг шууд л ажлаас нь халдаг бөгөөд цалингийнхаа талаар ихэд нууцалж хэвлэлээр энэ талаарх мэдээлэл түгвэл шууд л үгүйсгэдэг билээ.

Одоо хятад дийлэнх, монгол цөөнх гэсэн харьцаа Оюу толгойд ноёлж байгаа. Үүнийг ирээдүйд монголчууд 90 хувь, хятадууд 10 хувь болно гэсэн чихэнд чимэгтэй цэцэг ургуулж тус компанийн мэргэжлийн байгууллагынхныг чимээгүй болгосоор байгаа ажээ. Нэг зүйлийг ажиглаж харвал Оюу толгой төсөл монгол үйлдвэрлэгчид, жижиг дагалдах компаниудыг 100 хувь дэмжих гэрээ хийсэн. Гэтэл өдгөө барилгын ажлынх нь тендерийг Хятадын нэлээд томоохон хоёр компани гүйцэтгэж байгаа гэнэ. Энэ компаниудын ажилчид яах аргагүй монголчуудаас өндөр цалинтай гэсэн мэдээлэл байна. Яг энэ байдлаар харвал үнэлэмжийн асуудал өөр хоорондоо ялгаатай байгаагийн сацуу тус компани Монголын ЗГ-тай байгуулсан гэрээгээ юман чинээ тоохгүй том толгойлж байгаа нь харагдаж байна гэлтэй. Ямартаа ч Өмнийн говийн баялгаа бид өмнөд хөршдөө алдаад дуусах бололтой.

Баялгаас гадна барлаг нь болж хятадуудыг мөн ажлын байраар, цалин пүнлүүгээр хангаж байна. “Оюу толгой”-н гэрээг байгуулсан хүмүүс сэтгэлийн хөөрлөөр ажиллаж, зарим нэг стратегийн асуудлуудыг дутуу дулимаг харж үзсэн үү, аль эсвэл гэрээ байгуулсан ч дараа нь Монголын гурав хоног хэрэгждэг хуулиар зөрчөөд байж болно гэсэн хуйвалдаан зохиосон уу бүү мэд. Өмнийн говьд олборлолт хийгээгүй гэсэн хэрнээ олборлосон алтаа Олимпийн наадмын медаль хийхэд тушаагаад гүйгээд байгааг юу гэж ойлгох ёстойг ч асуулт болгон тавьмаар. Уул нь бол бүтээн байгуулалт 90 орчим хувьтай явж байгаа гэх энэ газар 100 хувь болсоны дараа олборлолт хийх учиртай. Гэтэл аль хэзээний олборлолтоо хийж, олсон алтаа Лондонд аваачаад олимпын алтан түнш болчихсон давхиж явна. Гэрээний олон нөхцлөө бидний нүдэнд ил зөрчсөөр байгаа энэ компанид нэг л итгэл төрж өгөхгүй юм.
С.Пэрэнлэй (www.wikimon.mn) 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш