logo
Зам барьж чаддаггүй юм уу, эсвэл хүсэхгүй байна уу

Зам барьж чаддаггүй юм уу, эсвэл хүсэхгүй байна уу

2012/07/25
Нэг үеэ бодвол Улаанбаатар хотод маань шинэ зам баригддаг болжээ. Хуучин цагт замынхаа эвдэрхий, цоорхойг нөхнө гэж ярьдаг байсан бол одоо иж бүрэн шинэчлэлт хийнэ л гэж байна. Энэ бол нэг бодлын дэвшил. Улсын маань сан хөмрөг нэмэгдсэн, ярьдаг тооны хэмжээ ихэссэн нь замын ажил дээр харагдаж байгаа. Гэхдээ жил бүр шинээр барьж буй замын чанар ямар байна вэ гэвэл арай өөр дүр зураг харагдана. Уг нь мөнгө хангалттай байна. Гэвч тэр хэрээрээ сайн зам тавигдаж чадахгүй л байна. Гүйцэтгэгч компанийн ажил муу байдаг байж болох. Нөгөөтэйгүүр хотын удирдлагууд тендер шалгаруулахдаа үнэхээр шилдгийн шилдгийг нь шалгаруулж чадаж байна уу гэдэг асуудал хөндөгдөнө.

За энэ ч яах вэ, замын чанар муу байна гээд заавал хэн нэгнээс ял асуух гээд байгаа юм биш. Гагцхүү манайхан зам тавьж сураагүй л байна даа. Энэ зун бороо хур ихтэй байлаа. Одоо ч гэсэн нийслэлд байсхийгээд л бороо орсоор л байна. Харин энэхүү үргэлжлэн орсон бороо нийслэлд тавигдсан замын чанарыг бэлхэн илтгээд өглөө. Өнгөрсөн жил өч төчнөөн хөрөнгөөр ашиглалтад орсон Дарь-Эхийн зам байна. Мөн өнгөрсөн жил ашиглалтад орсон шинэ зам гэгдэг Офицеруудын ордноос урагшаа явсан зам. Худалч хүнд дээрх шинэ замууд багахан хэмжээний борооны аяыг даалгүй юу ч үгүй эвдэрчихлээ. Байгалийн гамшиг гэдэг хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Нөгөөтэйгүүр осол, эндэгдэл, сүйрэл, гамшиг авчрах хүчтэй. Гэхдээ тэглээ гээд өнөөдөр Улаанбаатарт орж байгаа бороо бүр тэгтлээ гамшиг дагуулахаар аймаар байсан уу гэвэл үгүй шүү дээ. Харин шинээр барьсан замууд маань ердөө цөөн хэдхэн минутын бороонд цохигдоод эвдэрчихэж байна.

Уг нь зам барихдаа ус зайлуулах шугам, инженерийн шугам сүлжээ, явган хүний зам, гэрэлтүүлэг гээд бүгдийг цогцоор нь шийддэг болох тухай хотын удирдлагууд аль 2009 оноос хойш л ярьсан. Гэтэл замын компаниуд явган хүний зам, гэрэлтүүлэг хоёроо хэлтэй, амтай нэг юм хийсэн болоод ус зайлуулах шугамны тухайд таг мартаж орхидог бололтой юм. Тийм байхад яаж ч үер усны аюулыг гэтэлгэх вэ дээ. Үерийн усанд эвдэгдсэн замуудын тухайд бол дээр дурьдсанчлан Дарь-Эх, Офицеруудын ордны зам байна. Гэтэл магадгүй мөд юу ч үгүй эвдэрч болохоор зам гэвэл бас л он удаан жилийн түүхтэй 100 айлын замыг нэрлэж болно. Багахан хэмжээний бороо ороход л хүн амьтан гатлахын аргагүй бичил нуур зам дээр үүсдэг шүү дээ. Бас л мөнөөх ус зайлуулах шугам гэгч зүйл байхгүй аж. Жил болгон зам бариад, янзлаад шинэчлээд байдаг, үнэндээ ийм чанартай зүйл хийх юм бол юу болж таарах нь вэ. Ард түмний мөнгийг ингэж үрэн таран хийж болохгүй биз дээ.

Гэтэл үнэхээр юм хийе, бүтээе гэсэн хүн бол замыг яаж барьдгийг харуулж л байна. Өнөөдөр япончуудын барьсан нарны замыг хар. Бараг тав, зургаан жил боллоо. Нэг ширхэг ч цуураагүй байна. Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, Автозамын газрынхан уг нь аль эрт л “Бид цаашид үргэлж япончуудын барьсан нарны зам шиг зам барих болно” гэж хэлж байсан санагдана. Харин бодит байдал дээр нарны зам байтугай юм болж байх шив дээ. Япончууд мэдээж шилдэг технологитой. Дээр нь мөнгөтэй хүмүүс. Тэгвэл бидэнд мөнгө нь хангалттай байна шүү дээ. Тийм байхад яагаад хамгийн шилдэг технологийг оруулж ирээд, эх орноо гэсэн сэтгэлээр сайхан зам барьж чадахгүй байна вэ. Энд нэг асуулт гарч ирнэ. Үнэхээр чадахгүй байна уу, эсвэл чадахыг хүсэхгүй байна уу. Чадахгүй мэдэхгүй, эсвэл чадахыг хүсэхгүй байгаа бол замын компаниуд минь үг дуугүй чаддаг мэддэг япончуудад нь зайгаа тавиад өгчихвөл дээр бус уу. Эсрэгээрээ япончуудаас дутахааргүй сайн зам барьж чаддаг юм бол тэрийгээ харуулаадах.

Л.Дэлгэр 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш