logo
Төрийн албаны зөвлөл яаравчилж байна

Төрийн албаны зөвлөл яаравчилж байна

2012/07/27

Ардчилсан нам засгийн эрхийг барих болсноор төрийн албан хаагчид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж эхэлсэн. Учир нь,  АН  төрийн  бүхий л шатанд зохих хэмжээний өөрчлөлтүүдийг хийх нь нэгэнт тодорхой болоод байгаа. Тэгээд ч Төрийн албаны зөвлөлийг татан буулгах тухай сонгуулийн мөрийн хөтөлбөрт нь тодорхой тусгагдсан байдаг. Тиймээс УИХ-ын чуулган, засаг төр эмхлэгдэн цэгцрэхгүй, гацаанд орсон нь зарим нэгнийх нь магнайг тэнийлгэж байгаа бололтой. Өөрөөр хэлбэл, сүх далайтал үхэр амар гэгчээр тарж, бутрах дээрээ тулаад байгаа Төрийн албаны зөвлөлийнхөн төрийн гацааг ашиглан, томилгоонуудыг яаравчлан хийжээ.  

Тухайлбал,  өнгөрсөн нэгдүгээр сараас хойш эзэнгүй  байсан ТӨХ-г эзэнтэй   болгожээ. Тэнд ТАЗ-д  бүртгүүлсэн цагаасаа олны хэл амны бай болж явсан Н.Нанзаддоржийг томилсон байна. Тэрбээр урьд нь ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргаар ажиллан, өмч хувьчлалын асуудлаар АТГ-т шалгуулж явсан нэгэн.

Харин 2010 онд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгсөн ч энэ удаа албан тушаал ахин, даргаар нь очиж буй нь энэ.

Мөн Газрын тосны хэрэг эрхлэх газрын орлогч даргын томилгоог ч хийжээ. Энэхүү албан тушаалд Г.Өлзийбүрэнг томилсон аж. Тэрбээр “Комплекс импорт хангамж” нэгдэлд мэргэжилтэн, “Сант” ББХК-ийн захирал, “Лотс инвест” ХХК-ийн захирлын зөвлөх, Улаанбаатар төмөр замын албаны даргаар ажиллаж байсан нэгэн.

Дашрамд дуулгахад, түү­ний эхнэр нь УИХ-ын гишүүн С.Одонтуяа гэнэ.


Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш