logo
Вьетнам авто засварын газруудад эзлэгдсэн Монголын зах зээл

Вьетнам авто засварын газруудад эзлэгдсэн Монголын зах зээл

2012/07/27
Замын цагдаагийн газ­раас нийслэлд 140 мянга орчим автомашин байдаг гэх судалгаа гаргажээ. Гэхдээ дийлэнх нь эвдрэлтэй. Учир нь монголчуудын 60 хувь нь гадаадаас оруулж ирсэн хуучин машин унадаг. Дээрээс нь хотын энхэл донхолтой замаас болж ямар ч сайн, шинэ тэрэгт жилийн дараа дуу орж, амортизаторыг нь солихоос өөр аргагүй болдог байна. Тиймээс нийс­лэлчүүдийн хувьд махны дараа орох эрэлттэй зүйл нь авто засварын газар юм.

Үүнийг батлах гэсэн мэт Улаанбаатар хотод авто засварын газар борооны дараах мөөг шиг олон бий. Гэхдээ эдгээрийн үйлчилгээний чанар нь учир дутагдалтай. Машинаа засуулсан хүмүүс нэг засварын газраас гараад нөгөө рүү нь орохоос өөр аргагүй болох тохиолдол байнга шахам гардаг гэхэд хилсдэхгүй. Манай засварчид аливаад сэтгэлгүй, хичээнгүй бус ханддагаас монгол авто засварууд вьетнамуудад зах зээлээ алдахад хүрчээ. Гэхдээ мөнөөх вьетнамууд нь чанартай ажилладаг гэдэг ч бас л эргэлзээ төрүүлнэ.

Наад зах нь тэдний үйлчилгээний хөлс монгол засварын газруудаас 10-30 хувиар өндөр. Өнгөрсөн мягмар гарагт “Дөлгөөн нуур” төвийн дэргэдэх вьет­нам засварын газарт очиж, Grande-Mark II маши­ны хаалган дээр гарсан алга дарам хүрэхгүй хэмжээ­тэй сэвийг хэдээр янзлахыг нь сонирхоход “230 мянган төгрөгөөр засна” гэв. Будаг, замаска нь тийм сайн юм болов уу гэтэл монголчуудын хэрэглэдгээс ялгаагүй бай­лаа. Өндөр үнэтэй байгаа гол шалтгаан нь ердөө сэтгэл гаргаж, маш сайн янзалдагт байдаг аж. “За энэ ч яах вэ. Үнэхээр сайн янзалж чадаж байвал өндөр үнэ төлсөн ч хамаа алга” гэх нэгэн гарах байх.

Гэхдээ “Вьетнам” гэх тодотголтой авто засварын газруудын үйлчилгээний төлбөрт манай улсаас ямар ч хяналт тавьдаггүй юм байна. Иймээс вьетнамчууд амандаа орсон үнийг хэлээд суудаг аж.

Бид энэ талаар судлахаар нийслэлд байдаг вьетнам засварын газруудаар явж үзсэн юм. Яах аргагүй өндөр үнэтэй байлаа. Жишээ нь, жижиг оврын суудлын тэрэг­ний буфер засуулахад мар­каасаа шалтгаалалгүй гурван сая төгрөг байх жишээтэй. Бараг л нэг хуучин машин авчих хэмжээний мөнгө.

“Дөлгөөн нуур” төвийн дэргэд байрлалтай вьетнам засвараар “Чейзер” маркийн машинаа засуулах гэж буй О.Гантөмөртөй уулзаж, цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр “Манай монголчууд сэтгэлээсээ засаж чаддаггүй болохоор бид вьетнам авто засварын газрыг зорьж ирдэг нь нууц биш. Гэхдээ энэ вьетнамууд үнийн хувьд арай дэндүү өндөр дуугарах юм.

Тухайлбал, миний маши­ны урд талын буфер нь эвдэрсэн. Үүнийгээ засуулах гэтэл дөрвөн сая төгрөг гэлээ. Уг нь эдгээр хүмүүст хяналт тавьдаг газар гэж байх ёстой л баймаар юм. Даанч тэр хяналт шалгалт нь зөв зүйтэй явагддаггүй болохоор эд бүр тэнгэрт тулсан үнэ хэлж зогсдог болжээ.

Ер нь монгол, вьетнам засварын газруудын үнийг тэнцүүлэх хэрэгтэй. Уг нь энэ газрын эзэн монгол хүн ч байдаг гэнэ. Би уулзъя гэж хэлэхээр хэл амаа ойлголцож чадахгүй байна. Үнэ тарифаа хүртэл харуулахгүй юм. Гэмтлийг нь харж байгаад нэг үнэ хэлчихнэ. Гэхдээ одоо янзлуулахгүй гээд ч яах юм билээ” гэсэн.

Уг нь авто засварын газруудыг Нийслэлийн мэр­гэж­лийн хяналтын газар хянаж байх үүрэгтэй ч биднийг очиход холбогдох албаныхан байсангүй. Зарим нь амралтаа авсан, хаашаа ч юм гараад явсан гээд эзгүй байв.

Өнгөрсөн тавдугаар сард МХЕГ-аас баг гарган авто засварын газруудыг шалгахад зөрчилтэй гэж гарсан нь ихэнхдээ вьетнамуудынх байсан аж. Тухайлбал, вьетнам засварын газар ажилладаг монгол ажилчдын авч байгаа цалин ар гэрээ авч явахуйц орлого болж чаддаггүй. Нэг монгол ажилчин дунджаар 250 мянган төгрөгийн цалинтай ажлын тогтсон цаг гэж байхгүй. Хэдэн цагаар ч хамаагүй ажиллуулдаг нь илэрчээ.

Шалгалтын явцад ажилч­дын цагийн бүртгэл байх­гүй, нэгж ажил үйлчилгээ­ний тариф, үнэлгээ тог­тоо­гоо­­гүй учраас байнга илүү цагаар ажиллуулдаг нь тог­тоогд­сон байна. Түүнчлэн ээлжийн амралтын болон сул зогсол­тын мөнгө олгодог эсэх талаар шалгах боломжгүй байжээ.

Авто засварын газруудад 25-38 насны залуус ажил­ладаг ч 40 гаруй хувь нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгал огт төл­дөггүй нь тогтоогджээ.

Мөн вьетнам авто зас­варын газруудад “Мэргэ­жил, ур чадварын хувьд тухайн ажлын байрны тодор­хойлолтод заасан шаард­лага хангахгүй бай­на” гэсэн нэрийдлээр мон­гол ажилчдыг авч ажил­луул­даггүй, гадаадын хөрөн­­гө оруулалттай аж ахуйн нэгж байгууллагад ажил­лавал зохих монгол, гадаад ажилчдын харьцаа алдагдсан, “Т” ангиллын буюу хөрөнгө оруулагчийн визээр ирсэн байдаг. Гэтэл энэ төрлийн визтэй вьетнам иргэд хөдөлмөр эрхэлж байгаа нь “Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч авах тухай” хууль, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай” хуулиудын хэрэгжилт, биелэхгүй байгаагийн илэрхийлэл  юм. Гадаад иргэдийг ажиллуулах зөвшөөрөл олгодог эрх бүхий байгууллага хяналт тавьж ажилладаггүй нь хөрөнгө оруулагч нэрээр ажилтан оруулж ирж буй ААН-г өөгшүүлж байна.

Тиймээс эдгээр газ­руудад хяналт тавьж, үйл­чилгээний үнэ ханшид нь анхаарал хандуулах цаг хэдийнэ болсныг холбогдох байгууллагад уламжилъя.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш