УИХ-ын гишүүн Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын даргыг сонгосноор төрийн ажил гацаанаас гарлаа гэж байсан. Гэтэл байнгын хороод болон Засгийн газраа байгуулах асуудал мөн л гацаанд орчихож байгаа бололтой. Намууд хэрхэн ажиллавал УИХ-ын ажил хэвийн үргэлжлэх бол?
-Парламент гэдэг угаасаа зөрчил, өрсөлдөөн дунд ажил нь явдаг байгууллага. Энэ утгаар нь харвал гацаад таг зогссон юм байхгүй. Харин УИХ өөрийн бүтцээ хурдан байгуулж, Ерөнхий сайдыг томилох асуудал дээр хугацаа алдаж байгаа нь үнэн. Иймээс МАН-ынхан чуулганы хуралдаандаа хурдан орж ирээсэй. АН-тай зарим асуудлын болон ойлголцлын зөрүү байгаа бол түүнийгээ яаралтай ярьж, шийдээсэй гэж хүсч байна. Ер нь аль ч нам, улстөрч бай эрх ашгийн эрэмбээ л зөв авч явах хэрэгтэй. Аль ч тохиолдолд үндэсний эрх ашиг олон түмний эрх ашгийг эхэнд нь тавьж чадах юм бол ямар ч асуудал, зөрчлийг шийдэж болно.
-МАН-ын эзгүйд даргаа сонгож, байнгын хорооны гишүүдээ томилж байгаа нь хуульд хэр нийцсэн арга хэмжээ вэ?
-Нэгдүгээрт, УИХ-ын Тамгын газрын хуульчид хууль зөрчсөн зүйл байна гэж хэлэхгүй байна билээ. Хоёрдугаарт, АН-ын хуульч гишүүд Үндсэн хууль болон бусад хуулийг ишлэн, хууль зөрчсөн асуудал байхгүй гэж тайлбарласан. “Шударга ёс” эвслийн тухайд бид АН-тай Засгийн газраа хамтран байгуулж буй тул УИХ-ын даргад нэр дэвшсэн хүнийг дэмжих нь бидний үүрэг.
-Зарим улстөрчид хуулийн дагуу явагдсан гэж байгаа бол нөгөө хэсэг нь хууль зөрчлөө гээд байгаа. Үндсэндээ хуулинд заагаагүй ч бас хориглоогүй заалтууд дээр АН, МАН хоёр тоглолт хийгээд байна уу?
-Яг нарийн харвал хамгийн ахмад настай гишүүн нь дэгийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байснаас үүдэлтэй асуудал болсон. Энэ тохиолдолд яах вэ гэдэг хуулийн шууд зохицуулалт байдаггүй. Тийм болохоор хууль зөрчихгүйгээр эс үйлдлийн дарамт, гацаанаас гарсан арга олсон юм.
-МАН Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Гэтэл УИХ-ын дарга сонгогдоод 24 цагийн дотор нам, эвслүүд бүлгээ байгуулах ёстой. Харин МАН ийнхүү бүлгээ байгуулахгүй байхаар 25 гишүүн нь бие даагчийн статустай болчихож байгаа юм биш үү?
-Тодорхой зөрчил дотор гацаад байгаа асуудлыг хүндрүүлэхгүйн үүднээс тэгвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэж төсөөлж ярихгүй байсан нь дээр. Харж л байя.
-Үндсэн хуулийн Цэцэд маш сонин шийдвэрүүд гаргадаг шүү дээ. Хэрвээ УИХ-ын даргыг сонгохдоо хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гарвал цаашид хэрхэх бол?
-Тийм үү, хэрвээ Үндсэн хуулийн Цэцийн тухай хэвлэлийнхэн, олон түмэн тийм дүгнэлттэй байдаг бол тун тааруу л хэрэг байна. Цэц тийм юм бол тэр тусмаа янз бүрийн урьдчилсан гаргалгаа яриад яах вэ дээ. Надад бол улстөрийн мэдрэмжээс өөр юм таадаг, далдыг хардаг авьяас үнэхээр байхгүй. Гэхдээ заримдаа шагай орхиод дөрвөн бэрх буувал баярлаж л байдаг юм.
-“Шударга ёс” эвслийнхэн УИХ-ын даргыг сонгож байх үед эргэлзсэн байдалтай байх шиг санагдсан. Танай бүлгийнхэн тухайн үед ямар байр суурьтай байсан бэ?
-Төр, Засгийн ажил хуулийн хүрээнд хурдан эмх цэгцээ олж, ажлаа хурдан эхлэх ёстой гэсэн л байр суурьтай байсан.
-АН ялж сураагүйдээ яарч, МАН ялагдаж сураагүйдээ зугтаад байгаа юм болов уу?
-1996 онд Ардчилсан хүчин яах аргагүй ялсан. Ялалтаа “чулуу” болгох тал дээр туршлага дутсан нь он цагийн холоос яах аргагүй харагддаг. МАН-ын ялагдлын хувьд өнгөрсөн сонгуульд дангаараа Засгын газраа байгуулаад явах хариуцлагаас зугтаасан нь голлон нөлөөлсөн байж магадгүй.
-Улстөр багийн тоглолт гэдэг ч МАН, АН хоёроос шалтгаалан нийгэмд хүлээлт үүсчихлээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа бол?
-Харин тийм. Том намууд л юм бол олон түмний өмнө хүлээх хариуцлагаа ойлгож байгаа байлгүй дээ гэж итгэж байна. Даваа гарагаас /өнөөдрөөс/ ажил жигдрэх ёстой гэж бодож байна.
-“Шударга ёс” эвсэл болон ИЗНН эвслийн Засгийн газарт орсноор амаа үдүүлчихэж байгаа юм биш биз дээ гэх хардлага нийгэмд байна. “Шударга ёс” эвслийнхэн МАНАН-г сарниулах уриатайгаар парламентад орж ирсэн. Үүнийхээ дагуу ажиллана гэдэгт итгэж болох уу?
-Амаа үдүүлэхгүй. Дахин МАНАН хэлбэрийн олонхын эрх ашгийг умартдаг, цөөнхийн сонирхлыг төлөөлдөг байдал засаг төрд үүсгэхгүйн төлөө тэмцэнэ. Харин Засгийн газарт орсноор мөрийн хөтөлбөрийнхөө олон зүйл заалтыг хэрэгжүүлэх бололцоо нээгдэж байна.
-Урьдын Засгийн газрыг УИХ-ын танхимаас сонгосонд улстөрчид ч, иргэд ч дургүй байсан. Энэ парламентын гаднаас Засгийн газраа томилбол аль аль талдаа ажил хэрэг жигдрэх юм биш үү?
-Ерөнхий сайд бол УИХ-ын гишүүн байх нь зөв л дөө. Бусад нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. “Шудрага ёс” эвслийн тухайд бид парламент дотроос болон гаднаас сайд нараа томилох балансыг зөв олно.
-АН-ын хувьд урьд нь МАН-тай хамтарсан Засгийн газарт байсан. Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг гэнэтхэн засгаас гарсан. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөөд ирэхээр сүр, хүчтэй сөрөг хүчин болж харагдахын тулд чамгүй олон удаа завсарлага авч байсныг санаж байгаа байх. Харин та нөхөдтэй эвсэж нэгдэж, явснаа гэнэт хуучин зан нь сэдрэх юм биш биз дээ. Мэдээж энэ талаар тохиролцоо хийсэн байх?
-АН-ын хувьд урьд нь МАН-тай хамтарсан Засгийн газарт байсан. Гэтэл үхрийн сүүлэн дээр хутга гэдэг шиг гэнэтхэн засгаас гарсан. Өөрөөр хэлбэл, сонгууль дөхөөд ирэхээр сүр, хүчтэй сөрөг хүчин болж харагдахын тулд чамгүй олон удаа завсарлага авч байсныг санаж байгаа байх. Харин та нөхөдтэй эвсэж нэгдэж, явснаа гэнэт хуучин зан нь сэдрэх юм биш биз дээ. Мэдээж энэ талаар тохиролцоо хийсэн байх?
-Дөрвөн жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ хийсэн. Гэрээгээ яс мөрдөж чаддаг улстөрийн соёлыг бий болгох хэрэгтэй.
-Тангаргаа өргөөгүй гурван гишүүний асуудал хэзээ бүрэн шийдэгдэх бол?
-Манай гурван гишүүн энэ долоо хоногт тангаргаа өргөнө.
Эх сурвалж: "Өглөөний сонин"