УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхирвааг УИХ-ын сонгуулийн үеэр Дархан -Уул аймагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийг олгосон нь албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хэмээн АТГ шалгаж буй билээ.
АТГ-ын Мөрдөн Байцаах Хэлтсийн Дарга Д.Цоодолсэнгээгийн өгүүлж буйгаар нотлох баримт хангалттай бүрдэж буй бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэлт мөрдөн байцаалт авахын тулд Д.Хаянхирваагийн бүрэн эрхийг нь түтгэлзүүлэх саналыг УИХ-ын халдашгүй байдлын дэд хороонд өргөн барихаас өөр аргагүй гэнэ.
Гэхдээ Д.Хаянхирваа зөвхөн өөрийн тойрогт төсвийн мөнгийг дур мэдэн зарцуулснаас гадна хэд хэдэн хэрэгт холбогдож буй аж.
Тодруулбал тэрээр 2012 оны Дөрөвдүгээр сарын 02-ны өдөр 86 тоот тушаал гаргажээ.
Уг тушаалд " Аймаг нийслэлд эрх шилжүүлэх тухай Сангийн сайдын 2012 оны 32 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Улсын төсвийн хөрөнгөөр 2012 онд хэрэгжүүлэх, аймаг нийслэлд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн санхүүжилтийн хуваарийг Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Сангийн сайд, Хууль зүй, дотоод Хэргийн сайд, Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд, Эрдэс баялаг, Эрчим Хүчний сайд, Боловсрол, Соёл шинжлэх ухааны сайд, Эрүүл Мэндийн сайд, Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайд, Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Сайд, Хүнс, хөдөө Аж ахуй, Үйлдвэрийн сайдын багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалтыг энэ тушаалын хоёрдугаар хавсралтад зааснаар өөрчилсүгэй" хэмээн заасан байна.
Энэ тушаалын дагуу "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан"-гийн хөрөнгөөс иргэдэд олгох зээлийг УИХ-ын 2012 оны сонгуульд МАН-аас нэр дэвшиж байсан нэр бүхий улс төрчид сонгуулийн сурталчилгааны үеэр ашигласан байх юм.
Ийнхүү АТГ-т албан тушаалаа урвуулан ашигласан хэрэгт холбогдож буй Д.Хаянхирваагийн хэрэг удахгүй шийдэгдэх бололтой.
Г.Лхагва