logo
Металлургийн цогцолбор байгуулахад 500-800 сая ам.доллар шаардлагатай

Металлургийн цогцолбор байгуулахад 500-800 сая ам.доллар шаардлагатай

2012/08/03
Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Сангийн яам, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл, Германы "IBO" компани хамтран Дархан, Сэлэнгийн бүс нутагт Металлургийн цогцолбор буюу хар төмөрлөгийн үйлдвэр байгуулахаар болсон байна.

Энэ дагуу цогцолборын төсөл боловсруулах зөвлөлдөх уулзалтыг өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хийсэн юм. Энэхүү уулзалтад ХБНГУ-ын "IBO" компанийн зөвлөх Иорг Оверлаендер, Металлургийн цогцолборын түүхий эдийн нөөц, дэд бүтцийн урьдчилсан судалгааны болон Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн багийнхан оролцлоо.

Металлургийн цогцолборыг Дэлхийн банкны санхүүжилтээр барих бөгөөд жилд 0.5-1 сая тонн ган гаргаж авах хүчин чадалтай байхаар төлөвлөж буй юм. Цаашдаа улс орны хэрэгцээ өсөхийн хэрээр хүчин чадлаа нэмэгдүүлж, дотоодын зах зээлээ хангахаас гадна экспортлох боломжтой гэж төлөвлөж байгаа аж.

Урьдчилсан тооцоогоор Металлургийн цогцолбор, түүнд шаардлагатай кокс-химийн үйлдвэрийг байгуулахын тулд 500-800 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

Р.Сарангоо

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш