logo
Хойд Солонгост хүнсний тусламж шаардлагатай байна

Хойд Солонгост хүнсний тусламж шаардлагатай байна

2012/08/04
Долдугаар сард Хойд Солонгост үерийн аюул нүүрлэсэн. Энэхүү байгалийн аюулын дараа Умардын удирдлагууд хүнсний тусламж яаралтай олгохыг хүссэн талаар НҮБ-аас мэдээлсэн байна. НҮБ-ын төлөөлөгчид  үер болсон нутгуудад очиж нөхцөл байдалтай танилцсаныхаа дараа яаралтай тусламж олгох шаардлагатай байгааг онцлон мэдэгджээ.
Умард Солонгосын төрийн мэдлийн телевизээр мэдээлснээр үерийн үеэр 119 хүн амь үрэгдэж, олон арван мянган хүн орон гэргүй болсон байна. Ийнхүү дэд бүтэц сүйдэж, бэлчээр, байшин барилгууд усанд автсан зэрэг нь Умардад нүүрлээд байсан хүнсний хомсдлын асуудлыг улам хүндрүүлж байгаа юм.
НҮБ-ээс мэдээлснээр Хойд Солонгосын Анжу хот болон Өмнөд Пхёнан мужийн Сончон, Канвондо мужийн Чоннае зэрэг газрууд үерт хамгийн ихээр өртжээ. Эдгээр газруудад амьдардаг иргэдэд хоол хүнс, цэвэр ус шаардлагатай байгаа юм байна.
НҮБ-ын төлөөлөгчийн баталснаар Хойд Солонгосын засгийн газар хүнс, шатахуун олгохыг НҮБ-аас хүсчээ.
Зарим олон улсын тусламжийн байгууллагууд хандив тусламж цуглуулаад эхэлсэн байна. Улаан загалмайн байгууллага үерээс болж хохирсон хүмүүст 300.000 долларын тусламж олгох талаараа пүрэв гаригт мэдээлжээ.
Умардын удирдлагууд ард түмнээ тэжээхэд хүрэлцэхүйц хүнсийг дотооддоо үйлдвэрлэж чаддаггүй учраас гаднаас тусламж хүсдэг. Энэ улсад 1990-ээд оны дундуур болсон өлсгөлөнгийн улмаас олон зуун мянган хүн амиа алдсан гэж үздэг байна.
Өнгөрөгч сард НҮБ-аас гаргасан тайланд онцолсноор Хойд Солонгосын 24 сая хүн амын гуравны хоёр нь хоол хүнсний гачигдалтай амьдарч байгаа ажээ.
Э.АМАР


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш