Томоохон худалдааны төвүүдэд дүрэмт хувцас, дэвтэр ном, үзэг харандаа зэрэг сурагчийн хэрэгсэл борлуулагдаж байгаа нь хичээлийн шинэ жил ойртсоныг илтгэнэ.
Үүнээс үүдээд сурах бичгийн талаарх бодол толгойд орж ирлээ. Тендэрээсээ эхлээд л жил бүр маргаан дагуулдаг сурах бичгийн тараалт, хүрэлцээ муу иргэдийг бухимдуулдаг нь өмнөх жилүүдээс илэрхий болсон.
Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хувцас, үзэг, дэвтэрийг бэлдэж өгчихөөд сурах бичгийг нь хүлээх болдог.
Хичээл эхлээд хэдэн сар болоход сурагчид сурах бичиггүй суух нь жирийн үзэгдэл. Сурах бичиг хүрэлцээгүй хүүхдүүдийг худалдаж ав гэж шаарддаг.
Гэтэл номын дэлгүүрүүд сурах бичгийн үнээ нэмчихнэ. Нэгэнт хичээлийн шинэ жил эхэлсэн болохоор сурагчид худалдаж авахаас өөр замгүй. Ингээд л эцэг эх, сурагчид, багш нарын хооронд маргаан дэгдэнэ. Харин гол будилааны эзэд болох хэвлэлийн компани, яамны ноёдууд бүтэн жилийн турш усанд хаясан чулуу шиг л алга болно.
“Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ” гэдгийн үлгэрээр яам нь тендер зарласан болж хэдэн хэвлэлийн компанид хэвлэх эрх олгоно.
Компаниуд хэвлэх зөвшөөрөл авсан л бол бизнес цэцэглүүлж эхэлдэг. Учир нь тухайн компани хэвлэсэн сурах бичгээ аймгуудад яамнаас ирүүлсэн тооны дагуу хүргэж өгөх үүрэгтэй. Гэтэл нийт сурах бичгийн 50 гаруйхан хувийг аймгуудад хүргэдэг байна. Эндээс л нөгөө сурах бичгийн хүртээмжийн асуудал гарч ирнэ. Яагаад дутуу ирж байгаа талаар хэвлэлийн компаниас лавлахад удахгүй нийлүүлнэ, жаахан ачаалалтай байна гэсэн тайлбар хэлдэг аж.
Гэвч үнэн хэрэгтээ аль хэдийн хэвлэж дуусаад худалдаанд гаргачихсан байдаг гэнэ. Үүнийг мэдэхгүй хүлээсээр номгүй хоцордог сурагчид цөөнгүй бий. Тэгэхээр хэвлэлийн компаниуд яамнаас ирүүлсэн тооны дагуу сурах бичгээ хэвлэж тал хувийг нь сургуулиудад тараагаад үлдсэн сурах бичгийг “шаглаж” худалдааны төвүүдээр борлуулдаг гэсэн үг. Сурах бичгийг анх хоёр компани л хэвлэдэг байсан.
Одоогоор 10 гаруй хэвлэлийн компани нэг жилийн хэрэглээ даахгүй салж унасан сурах бичиг хэвлэж буй нь дараа жил дахин хэвлэх гэсэн башир арга гэчихвэл хилсдэхгүй байх. Хэдхэн жилийн өмнө ерөнхий боловсролын сургуулиуд сурах бичгийг жил бүр шинээр хэвлэлгүй номын сангаар дамжуулан хэрэглэж болдог л байсан. Стандартад нийцсэн номыг хоёр гурван жил хэрэглэхэд юу нь болохгүй гэж.
Албаны хүмүүс сурах бичиг шинэчлэн хэвлэгдэж буйг ерөнхий боловсролын сургууль 11-12 жилийн сургалтад шилжсэнтэй холбоотой гэж хэлдэг. Тэгвэл өнгөрсөн жилээс Кэмбрижийн сургалтыг нэвтрүүлэхээр зарим сургуулиудад туршилт хийж байгаа.
Тэгвэл дараа жилээс шинэ сургалтын системд зориулсан сурах бичиг ахиад л хэвлэгдэх бололтой. Төрөөс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг сурах бичгээр хангах зорилтыг хэрэгжүүлэхээр БСШУ-ы сайд “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг зохиох, хэвлүүлэх, түгээх журам” баталсан.
Энэхүү журамд ерөнхий боловсролын сургалтад ашиглах сурах бичиг нь хувилбаргүй, улсын хэмжээнд үндсэн нэг сурах бичиг ашиглах, сурах бичгийн агуулга, зохиогчийн эрх, хэвлэн нийтлэлийн бусад эрхийг төр эзэмших, сурах бичгийг сургуулийн номын сангаар дамжуулан сурагчдад эзэмшүүлэх, сурах бичгийг нөхөн хангах эргэлтийн санг бий болгохыг тусгасан байдаг.
Харин манайхан хэн дуртайд нь сурах бичиг зохиох эрх олгоод тэр нь нэг жил хэрэглэгдээд дараа жил нь хэрэггүй болж байгаа юм. Анх суурийг нь тавьсан хүн дараа дараагийн шатанд заавал оролцох ёстой. Яагаад гэвэл тэр хүн сууриа яаж тавьсан цааш нь яаж үргэлжлүүлэх вэ гэдэгт санал өгөх ёстой.
Ерөнхий боловсрол эзэмших явцдаа сурах бичгээр дамжуулж хүүхэд мэдлэг олж авахаас гадна цаашдын амьдралдаа оролцох бүх зүйлийг суралцах ёстой байдаг.
Гадаадад нэгдүгээр ангийн сурах бичиг зохиосон хүн 2-5 дугаар ангийн ном зохиоход оролцох үүрэгтэй байдаг аж. Энэ мэт сурах бичиг хэвлэлийн газрын эрх мэдлийн хүрээнд бизнес болон хувирч эцэг эх, сурагчдыг хохироосоор байна. Үүнд хяналт тавьдаг албан тушаалтан гэж байхгүй бололтой. Хэрэв байдаг бол тэр нь юу хийдгийг таашгүй.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Эх сурвалж: unen.mn