logo
Хүүхэддээ мөлхөж сурахад нь тусал

Хүүхэддээ мөлхөж сурахад нь тусал

2012/08/06
Хүүхдээ хэрхэн мөлхүүлж сургах вэ? Зарим хүүхэд өөрөө бие даан сурчихдаг бол зариманд нь эцэг эхийн туслалцаа хэрэг болдог. Аав ээж нар бяцхан үрийнхээ төлөө юу хийх шаардлагатай вэ? Бид та бүхэнд зөвлөж байна.

Хүүхдүүд зарим нь урагшаа мөлхөж эхэлдэг бол зарим нь аргаа ололгүй хойшоо ухраад байдаг. Зарим нь хөлд орж алхаж сурсныхаа дараагаар л энэ хэцүүхэн “шинжлэх ухаан”-ыг ойлгож эхлэнэ дээ.

Мөлхөх нь ямар ч тохиолдолд хүүхдэд тун хэрэгтэй. Үеийнхнийг нь бодвол ийм хүүхдэд ертөнцийг танин мэдэх боломж илүү байдаг ба тэдний булчингийн хөгжилд сайнаар нөлөөлж мэдрэлийн системийг хөгжүүлдэг байна.

“Хүүхэд хэзээ мөлхөж эхэлдэг вэ?” гэсэн асуулт ихэнх эцэг эхчүүдийн сонирхлыг татдаг. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой. Хөхүүл нярай дунджаар таваас зургаан сартайдаа мөлхөх гэж оролдож эхэлдэг ба долоон сартайдаа сайн мөлхөж сурдаг байна.

Гэдсээрээ доошоо харж хэвтээд хөлөө жийх нь хүүхэд мөлхөж сурах гэж байгаагийн илрэл. Цаг ирэх тусам энэ нь рефлекс болдог. Харин эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ажиллаж тоглох нь хүүхдийн хөгжилд ихээхэн нэмэр болдог байна.

Жин ихтэй бяцхан үр тань үеийнхнийгээ бодвол хожуу мөлхөж сурдаг явдал бий. Энэ нь энгийн үзэгдэл гэдгийг эцэг эхчүүдэд хэлмээр байна.

Бяцхан үрдээ хэцүүхэн “ажил” хийхэд нь бид туслах ёстой.

Хэрэв таны хүүхэд үргэлж хөдөлгөөнгүй байдаг, байнга оронд нь (манежинд) тавиад байвал хөдөлгөөн нь хязгаарлагдмал болдог. Хамгийн түрүүнд нярай үрдээ чөлөөтэй орчин бүрдүүлэх хэрэгтэй.

Мэдээж хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах ёстой. Тавилгынхаа доод тавиур, шүүгээнээс хүүхдээ гэмтээж болохуйц зүйлсээ хурааж цахилгааны утас зэргийг далд оруулаарай. Юм болгоныг сонирхож оролддог үр тань хамгийн түрүүнд авсан юмаа амандаа хийж үздэг шүү дээ. Болвол гутлаа хаалгатай шүүгээнд далд хийгээрэй. Харин тоглоомнуудыг нь хүүхдээ мөлхөж очоод авч болох газар тавиарай. Чөлөөтэй орчин бүрдүүлэхээс гадна хүүхдийнхээ биед аль болох эвтэйхэн хувцас өмсүүлээрэй.

Хүүхдийн хөдөлгөөнийг хязгаарласан хувцас хэрэггүй гээд нүцгэлэх хэрэггүй. Нялх үрийнхээ өвдгийг хамгаалж урт өмд өмсгөж байгаарай. Ширүүн хивсэнд өвдгөө үрээд улайлгачихаж магадгүй. Болвол өвдөгний хамгаалалт зүүлгээрэй. Хүүхэд тань өвдгөө үрчихнэ гэж айлтгүй итгэл дүүрэн мөлхөх болно.  Үүний хажуугаар мөлхөх газрыг нь ч бас бэлдэх хэрэгтэй.

Хамгийн тохиромжтой нь зузаан бүтээлэг дэвсээд дээр нь зөөлөн даавуу тавиарай. Бүтээлэг даавуугаа өрөөний голд тавиад харин захаар нь хүүхдийнхээ сонирхлыг татахуйц тоглоомнууд өрж тавь. Тоглоомыг тавихдаа гараа хүргээд авах боломжгүй ойр бус газар байвал сайн. Анхандаа хүүхэд энэ тоглоомоор тоглоод сонирхоод эхэлвэл улам холдуулж тавиарай.

Хүүхдээсээ гэнэт их юм битгий шаардаарай. Хүүхэд өөрөө тоглоомоо сонирхоод түүндээ хүрэх гээд үзэг. Болохгүй бол хүүхэд дахиад оролдоно. Харин эцэг эх хүүхэд чадахгүй байна хэмээн бухимдах  хэрэггүй.

Хүүхдээ мөлхүүлж сургах бас нэг өөр арга бол эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө дөрвөн хөллөөд хүүхдийнхээ өмнө мөлхөөд үзүүлээрэй. Хүүхдэд удахгүй энэ нь таалагдаад ингэж тоглох сонирхолтой болно.

Ийм маягаар хүүхэд үеийнхээ хүүхдүүдтэй ч бас харьцдаг байна. Хэрэв таны найз эмэгтэй ойролцоо үеийн мөлхөж сурсан хүүхэдтэйгээ ирвэл хүүхдүүдээ хамтад нь орхи. Ээж нар хууч хөөрж байх хооронд хүүхдүүд туршлага солилцоно.

Хүүхэдтэйгээ тоглох нь тэднийг хөгжүүлэхэд багагүй үүрэг гүйцэтгэдэг.

Хүүхдээ өвдгөөр нь тавиад суганаас нь бариарай. Хэрэв хүүхэд хэрхэн дөрвөн хөллөхөө ойлгосон бол урагшаа хойшоо хөдлөхийг нь зааж өгөөрэй. Удалгүй түүнд ингэх нь таалагдах болно.

Бас нэг сонирхолтой тоглоом байна. Хэрэв энэ тоглоомонд эцэг эх хоёулаа оролцвол бүр ч сайн. Хүүхдээ доош харуулж гэдсээр нь хэвтүүлээрэй. Ээж нь өөдөөс нь харж суугаад баруун гараараа тоглоом бариад хүүхэддээ харуулна. Хүүхэд тоглоом руу зүтгэхэд аав нь аажуухан зүүн шилбийг нь барьж хөдөлгөөд тоглоомонд ойртуулахыг хичээнэ. Харин ээж нь тоглоомыг зүүн хөлөнд чиглүүлнэ. Хүүхэд хөдлөх гэж зүтгэхэд аав нь баруун хөлийг нь хөдөлгөнө. Ийм маягаар хүүхэддээ мөлхөх дарааллыг зааж өгөөрэй.

Дараагийн удаа аав ээж туслалгүйгээр хүүхдээ хараад сууж байхад болно. Бяцхан тамирчнаа дэмжих үүднээс давхарлаж эвхсэн өлгий юм уу өргөн ороолт хөлд нь тавьж тулгуур болгох хэрэгтэй.

Хүүхэд өөртөө итгэлтэйгээр дөрвөн хөллөж зогсч чаддаг болбол тоглоомыг баруун зүүн гарт нь ээлжилж бариулах ба урагш хөдлөхөд нь туслаарай.

Том бөмбөгтэй тоглож болно. Хүүхдээ бөмбөг дээр доош нь харуулаад тавиарай. Зөөлхөн эргүүлээд аажмаар гарыг нь газар хүрэхүйц болтол өнхрүүлээрэй. Хүүхэд гараа газар хүрэхэд нь хөлийг  нь нэг нэгээр нь барьж буулга. Хүүхэд гарын алгаа дэлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Мөлхөх хичээл хийхээс гадна хүүхдийн булчингийн хөгжилд анхаарч үргэлж дасгал хийлгэж байгаарай.

Жишээлбэл: 
•Ээлж ээлжээр хөл гарыг нь хөдөлгөх
•Гарын бугуйг нь тойрог маягаар эргүүлэх
•Хүүхдийн нуруунд иллэг хийх
•Хэвтэж байхад нь мөлхөж байгаа мэтээр хөл гарыг нь нугалж дэлгэж өг
•Гэдсээрээ доошоо харж байхад нь дээш нь харуулж эргүүлэх гэх мэт.

Таны хүүхэдтэй ямар нэгэн асуудал тулгарвал яаралтай нарийн мэргэжлийн эмч, хүүхдийн мэс засалч, мэдрэлийн эмч нарт хандаж лавлаарай.

Орчин үед хүүхэд мөлхөх нь хичнээн ач тустайг хүн болгон мэднэ. Хүүхэд мөлхөхийн хирээр баруун зүүн тархины холбоос нэмэгдэж үүний хажуугаар ертөнцтэй танилцдаг сайн талтай.

Таны бяцхан үрд мөлхөж сурахад нь амжилт хүсье!

А.Цацрал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш