УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Шударга ёс” эвслийн тэргүүн ял сонслоо. Үйл явдлыг янз янзаар л тайлбарлаж байна. Та харин шүүх хурлын шийдвэрийг хэрхэн үнэлж байна вэ?
-Би шүүхийг шударга үнэн шүүсэн гэж хэлж мэдэхгүй. Харин шүүх явцад онцолмоор зүйл болсон. Тодруулбал, гурван өдөр үргэлжилсэн шүүх хурал олон нийт, ард иргэдийн өмнө нээлттэй явагдлаа. Хүн бүхэнд үнэлэлт, дүгнэлтээ гаргах бололцоо олгосон гэсэн үг. Нөгөө талаар шүүх өөрийнхөө гаргасан шийдвэрийг олон нийтээр шүүлгэх гэж зориуд ингэсэн байж болно. Ер нь би шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байна л даа. Одоо хоёр ч шатны шүүх байна. Тэр үед шийдвэр өөрчлөгдөх боломжтой.
-Энэ асуудлаас үүдэлтэйгээр “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орох, эсэх талаар нэлээд яригдаж байна. Танай Удирдах зөвлөл энэ талаар хэлэлцэв үү?
-Бид албан ёсоор хуралдаагүй. Тиймээс Удирдах зөвлөлийн албан ёсны байр суурь, шийдвэр гараагүй. Би өөрийн бодлоо илэрхийлэхэд, ер нь ямар нэгэн үйл явц дунд төөрөлдөж, будилж яарч шийдвэр гаргаж болохгүй. Төр засаг байгуулах үйл явц явдгаараа явах ёстой. Гацах ёсгүй. “Шударга ёс” эвслийг олон хүн дэмжсэн, саналаа өгсөн. Биднийг дэмжихдээ хамгийн гол нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх ёстой гэсэн. Мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд хамтарсан Засгийн газарт орох учиртай. Энэ шийдвэрийг ч Эвслийн удирдах зөвлөл гаргасан. Тэрхүү шийдвэр одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. Харин улстөрийн үйл явдалд хөтлөгдөж, жинхэнэ зорилгоосоо ухарч, няцаж болохгүй л дээ. Гадуур эвсэл задарна, Засгийн газарт орохгүй гэсэн таамаг байна. Энэ бол ердөө л хувь хүмүүсийн бодол, байр суурь.
-“Шударга ёс” эвслээс Н.Энхбаяр даргад ял өгвөл Засгийн газарт орохгүй гэсэн мессежийг шүүх хурлын үеэс л шидээд байсан шүү дээ?
-Н.Энхбаяр даргад ял өгчихлөө. Тэр ял нь хэвээрээ гэж ойлгож ямар нэгэн шийдэл хийх нь буруу. Учир нь, саяны шүүхийн шийдвэр эцсийнх биш гэж би хэлсэн. Бүх шатны шүүхийн шийдвэрийн дараа жинхэнэ асуудал яригдана гэж ойлгож болно. Тиймээс бид давж заалдсан. Энэ хугацаанд анхан шатны шүүхийн шийдвэр түдгэлздэг учиртай. Тэгэхээр энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гэж бодож, яарч сандрах шаардлагагүй. Тиймээс ч энэ үйл явдлаас үл шалтгаалан Засгийн газрын үйл ажиллагаа гацахгүй үргэлжпэх ёстой. Энэ талд эвсэл ч энэ байр суурьтай байгаа. Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн хооронд нэг л баримт бичиг бий. Тэр нь хамтарсан Засгийн газар байгуулах гэрээ хэлцэл. Одоогоор бидний хооронд энэ баримт бичиг байгаа учраас үүнийгээ л баримтална. Эвслийн зүгээс дараа дараагийн шүүхээр асуудал нааштай шийдэгдэнэ гэж найдаж байна. Тиймээс цаашид процессийг хүлээх ёстой.
-АН, “Шударга ёс” эвслийн хооронд нэг баримт бичиг бий гэснээс далдуур “Н.Энхбаярыг сулласан тохиолдолд л Засгийн газарт хамтарна...” гэсэн гэрээ хийсэн тухай яриа гараад эхэлсэн байсан?
-Би тийм юм мэдэхгүй.
-Н.Энхбаяр даргын асуудлаар “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөлөөс мэдээлэл хийж байна лээ. Н.Энхбаяр даргыг улстөрийн зорилготойгоор хэлмэгдүүллээ гэсэн байр суурь илэрхийлсэн...?
-Н.Энхбаяр даргад ял оноосон асуудал хэлмэгдүүлэлт мөн үү, биш үү гэдэгт эвсэл дүгнэлт гаргах ёстой байх. Өөрт нь тулгасан ял шийтгэл хэрэгтэй холбоотой нарийн мэдээлэл надад байхгүй учраас шүүхийн шийдвэр зөв үү, буруу юу, хэлмэгдүүлэлт үү, биш үү гэдгийг шууд дүгнэж хэлэх боломжгүй.
-Үйл явдалтай холбогдож эвслийн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх үү. МАХН, МҮАН хамтрахаа больж мэднэ гэсэн ч таамаг ч явж байна?
-“Шударга ёс” эвслээс ч өмнө МАХН, МҮАН олон жилийн хугацаатай улстөрийн холбоо байгуулсан. Холбооны гол зорилго нь Монголын нийгмийг өөрчлөх, шинэчлэх. Энэ зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө зөвхөн сонгуульд хамтрах биш, урт удаан хамтын ажиллагаа бий болгохын төлөө улстөрийн холбоо байгуулсан хэрэг. Үүсээд байгаа улстөрийн үйл явдалд хөтлөгдөж эвслийг тараах амархан биш. Энэ нь зарим нэг хүний хувийн үзэл бодол байж болно. Түүнээс биш бидний шийдэл биш.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт ял оноосныг Ардчилсан нам тэр дундаа Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой холбоод байна л даа?
-Шүүхийн шийдвэрийг хэн нэгний ашиг сонирхол, өс хонзонтой холбоотой гэж би хувьдаа шууд хэлж чадахгүй. Шүүх бол бие даасан шийдвэр гаргах ёстой засаглал. Хүн бүр өөрийнхөөрөө тайлбарлаж болно. Тэр байтугай, Н.Энхбаяр даргийн гэр бүлийнхэн нь ч магадгүй бүр л өөрөөр дүгнэж байгаа.
-Таны ихэд хүсэн хүлээж байгаа шат шатны шүүхээс мөн л ялласан шийдвэр гарвал яах вэ?
-Хэрвээ ингэвэл тэгнэ, тэгвэл ингэнэ гэж яримааргүй байна л даа. Яагаад гэхээр улстөрийн цаашдын үйл ажиллагаанд буруу, сөргөөр нөлөөлж болзошгүй. Бид дараа дараагийн шүүхийн шийдвэрт найдлага тавьж байгаа нь үнэн. Үнэхээр гэм буруугүй бол шүүхийн шийдвэр түдгэлзэх боломжтой. Ийм бололцоо ч эвслийн тэргүүн Н.Энхбаярт бий гэж найдаж байна.
-Өнгөрсөн долоо хоногт “Шударга ёс” эвслийнхэн нэлээд хөдөлгөөнтэй байлаа. Удирдах зөвлөл хэд хэдэн удаа хуралдсан ч хэвлэлийнхэнд хаалттай байсан. Хуралдаанаар Н.Энхбаяр даргын талаар ярилцсан гэсэн. Шүүхээс эвслийн хүссэн шийдвэр гарахгүй бол Засагт хамтрахгүй гэж яриа байсан. Тэгэхээр таны яриад байгаатай зөрөөд байна л даа?
-Ер нь Удирдах зөвлөл хуралдаж нэгдсэн албан ёсны шийдвэр гаргах ёстой байх. Тэгж хуралдаж нэгдсэн шийдэлд хүрээгүй учраас хүн бүхэн өөрийнхөө үзэл бодол сэтгэл хөдлөлөөрөө тайлбарлаад байгаа хэрэг. Гэхдээ энэ байр суурь маань
нэгдэнэ, ойлголцоно гэдэгт итгэлтэй байна. Ямартай ч, олон нийтийн байр суурийг хүндэтгэсэн зөв шударга, зөв шийдвэр гаргана байх.
-“Шударга ёс” эвсэл Ардчилсан намтай хамтарч ажиллах гэж байна. Энэ нь түүхэндээ анх удаагийн явдал. Харин хоорондоо хэр учир зүйгээ олж ажиллах бол. Гар нийлсэн Засгийн газар байж чадах уу?
-Ардчилсан намд сүүлийн 20 гаруй жил дангаараа эрх барьж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх боломж олдоогүй. Тэгэхээр энэ удаа өөрсдөө эрх барьж, бусадтай хамтарч бодож санаж буйгаа хэрэгжүүлэх бололцоо анх удаа олдож байгаа цаг үе. Бид ч энэ бололцоог нь нэг удаа харж үзэх ёстой. Зөвхөн харах биш, хамтарч ажиллах гэж байна. Энэ бол сүүлчийн бололцоо. Хэрвээ энэ бололцоо дахин нураад хамтарсан Засгийн газар унавал гарцаагүй системийн гажигтай байгаагийн илрэл юм болов уу. Тиймээс нэгдүгээрт юм хийгээсэй гэж хүсч байна. Хэрвээ хийж чадахгүй дахиад л нурвал гарцаагүй нөгөө л Үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэйг харуулж байгаа хэрэг.
-Энэ удаагийн Засгийн газар хэр урт настай байх бол?
-Үүнийг хэлж мэдэхгүй л дээ. Анх бүлгийн хурал дээр хамтарсан Засгийн газарт орох хэрэг байна уу, энэ Засгийн газар богинохон настай байж магадгүй гэж болгоомжилж байгаагаа би илэрхийлж байсан удаатай. Тэр үед надтай санал нэгтэй гишүүд ч байсан. Гэхдээ ямар ч байсан хаана хүртэл явах боломж байна тэр хүртэл явуулах ёстой. Хамгийн гол нь, энэ Засгийн газрыг шахаж ажиллуулах ёстой. Тэгж байж иргэдийн хүсч буй шийдвэрүүдийг Засгийн газраас гаргуулах юм. Ер нь гацах, хамтрахаа болих, нурах гэдэг зүйл чинь хэзээд бэлэн байдаг. Харин түүнийг бүтээх, хийх нь хамгийн хүнд. Одоо гудамжинд жагсаал, цуглаан зохион байгуулахаас хамаагүй өөр зүйл яригдаж байна. Тэмцэл бол нэг хэрэг. Засгийн газарт орж, иргэдийнхээ хүсэн хүлээсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийн төлөөл ажиллах ёстой. Тэр хэрээр мэдээж саад бэрхшээлтэй тулгарна. Энэ олон саад бэрхшээл, олон эрх ашиг дунд төөрчихгүй гол чиг шугамаа алдчихгүй явах нь том зорилго. Бид сонгогчдод амласан амлалт шударга ёсны үнэлэмжээ алдахгүйгээр зөв замаар явж саад бэрхшээлийг давах ёстой. Эцсийн дүнд Монголын ард түмэн л хожсон байх ёстой.
Д.Мягмарсүрэн
Эх сурвалж: unen.mn