logo
Нийслэл төөрдөг байшин болжээ

Нийслэл төөрдөг байшин болжээ

2012/08/06
Сүүлийн жилүүдэд нийслэл хотод төрөл бүрийн хийц загвар бүхий барилга өдөр хоног алгасахгүй сүндэрлэн босох болсон. Хэдэн cap гадаад руу яваад ирэхэд үл мэдэх шинэ ба­рилга баригдсан байдаг нь жирийн үзэгдэл болсон гэхэд хилсдэхгүй.

Нийслэлийн төвийн алга дарам газрын үнийг хэд өчнөөн зуун сая төгрөгт хүртэл өсгөн, хоосон булан тохойг завсар үлдээхгүй барилга барьж, ашиглаж байгааг бид харж байна. Сүүлийн үед баригдсан барилгуудын ихэнх нь хэтийн төлөвлөгөөгүй учраас хаяг, байршил нь тун ч тодорхой бус. Олж очих гэж ёстой л муур, хулганы үлгэр гэгч болно. Өөрөөр хэлбэл очих барилга байшингаа олохын тулд чамгүй хугацаа зарцуулдаг болоод байна.

Барилгын компаниуд өөрсдийн барьж буй хороолол, хотхондоо хачин, чамин нэр оноодог болсон. Хуучин цагт 1, 3, 4 гэх мэтээр дугаарладаг байсан бол өдгөө «Цоглог», « Баянмонгол хороолол», «Шинэ өглөө», «Голдон парк», «Тэмүүлэл», «Хөгжил», «Жаргалант», «Соёмбо », «Ургах наран» гэх мэтээр нэрлэдэг болсон.
Харамсалтай нь эдгээр хороолол, хотхон чухам хаана байрладгийг олж мэдэхэд тун ч төвөгтэй. Тухайн орон сууцанд амьдардаг иргэд нь л мэдэх болохоос бусад хүн барагтай л бол олохгүй. Тэр дундаа түргэн тусламж, гал, цагдаагийн дуудлагынханд бол хаягаа нэг бүрчлэн зааж, эгээ л газрын зургаар зураглахаас наахнуур юм болно.

Мөн оффисын барилгууд ч ялгаагүй. «Оранж плаза», «Бодь цамхаг», «Централ тауэр», «Моннис цамхаг»,
«Хангарьд ордон» гэх мэтчилэн олон давхар өндөр, гоёмсог барилгууд сүндэрлэсэн.

Гэсэн ч эдгээр барилгууд руу очихын тулд мөн л хотын газрын зураг шаардахаас наахнуур юм болно. Гэтэл тэрхүү газрын зураг нь байхгүй. Төлөвлөлт, зураглалаасаа түрүүлээд барилгууд нь сүндэрлэчихдэг. Тиймээс тухайн орчных нь олны хэлж дадсан байшин, барилгаар багцаа болгон заах тохиолдол бишгүй гардаг.

Үндсэндээ нийслэлд баригдсан нэгэн шинэ барилгыг олно гэдэг нь төөр­дөг байшингаас гарахтай адил болсон гэхэд хилсдэхээргүй болсон. Тиймээс орчны тохижилтоо хийхдээ хаягжилтдаа анхаарал хандуулахгүй бол нийслэлчүүдийн бухимдлыг төрүүлсэн бас нэгэн асуудал болж хувирах нь ээ.

О.Номин-Эрдэнэ
Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш