logo
Ерөнхий сайдыг томилох асуудлаар зөвшилцөнө

Ерөнхий сайдыг томилох асуудлаар зөвшилцөнө

2012/08/06
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрөгч баасан гаригт Ерөнхий сайд С.Батболдод хүсэлт хүргүүлжээ.

Энэ нь Ардчилсан намын хувьд ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг Ерөнхийлөгчтэй зөвшилцөх болсонтой нь холбоотой аж. Тиймээс Ерөнхий сайд С.Батболдыг ирэх долоо хоногт ИБУИНВУ-ын нийслэл Лондонд хийх айлчлалаа түр хойшлуулахыг хүсчээ.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын Ерөнхий сайд С.Батболдод илгээсэн хүсэлтдээ "Монгол Улсын Их хурлын анхдугаар чуулган зарлагдаж УИХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын сонгуулийн үр дүнгийн Дагуу шинэ Засгийн газрыг байгуулан улс орны өмнө тулгамдаад байгаа намрын ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зэрэг шил, шилээ даран хүлээж буй олон амин чухал асуудлуудыг шийдвэрлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Шинэ Ерөнхий сайдыг томилох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу ирэх долоо хоногийн эхээр зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр төлөвлөж байна. Иймд төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах үүднээс Засгийн газрыг тэргүүлж буй Ерөнхий сайд таныг ирэх долоо хоногт 2012 оны олимпийн тэмцээн зохиогдож буй ИБУИНВУ-ын нийслэл Лондон хотод хийх айлчлалаа түр хойшлуулахыг хүсье" гэжээ.

Нийслэл таймс
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш