logo
Ц.Мөнхзаяа бүх хүчээ шавхаж барилдсан ч...

Ц.Мөнхзаяа бүх хүчээ шавхаж барилдсан ч...

2012/08/07
"Лондон-2012" зуны XXX олимпийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ц.Мөнхзаяа Лондоны татамид хүрэл медалийн төлөө барилдаж, ялагдсан.

Тэрээр эхний тойрогт Женнифер Энсоныг 51 дэх секундэд цэвэр, улмаар Финляндын Йоханна Илиненийг дахин цэвэр ялсан бөгөөд хэсгийн аваргын төлөө 63 кг-ын жингийн чансааны хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй, дэлхийн хошой аварга, Францын жүдоч Жеврис Эмантай барилдсан. Хоёр бөх үндсэн цагт хэн хэн нь үнэлгээ авч чадаагүй. Нэмэлт цагт ч үнэлгээ авч чадаагүй юм. Дүрэм ёсоор шүүгчдийн шийдвэрээр Хантай өргөхөд гурван шүүгч гурвуулаа цэнхэр Хантай өргөснөөр манай бөх цааш барилдах эрхтэй болсон.

Ц.Мөнхзаяагийн хувьд хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын бөхтэй хүч шавхан барилдсан. Манай бөхийн цуцалт намжаагүй байтал хагас шигшээ барилдаан эхэлж, тэрээр Афины олимпийн хүрэл медальт, Дэлхийн аваргын гурван хүрэл медальтай, Словенийн Урска Золниртой мөнгөн медалийн төлөө барилдаж, цэвэр ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдах болсон.

Хүрэл медалийн төлөө шийдвэрлэх барилдаанд жингийнхээ Чансааны тэргүүн бөх, дэлхийн хошой аварга, Японы жүдоч Ёшиэ Уэнотой барилдаж, торгуулийн юүко үнэлгээгээр ялагдаж Лондоны олимпоос медальгүй хоцорсон.

Манай жүдочид бэлтгэлээр дутах зүйлгүй ч Лондонд тулгаж очсон учир цагийн зөрүүд дасаагүй байсан нь шигшээ барилдаанд амжилтгүй барилдах шалтгаан болсон. Хэрэв манай тамирчид бусад орны шилдгүүдтэй адилхан олон хоногийн өмнөөс очиж бэлтгэл сургуулилтаа хийсэн бол шилдэг болох боломж ойрхон байлаа.

Д.Жавхлан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш