logo
 Найдангийн Түвшинбаярт Монгол улсын баатар цол хүртээе

Найдангийн Түвшинбаярт Монгол улсын баатар цол хүртээе

2012/08/07

Олимпийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Н.Түвшинбаяр "Лондон-2012" олимпийн наадамд зодоглож "ясны бөх" олимпийн аварга хүн гэдгээ нотлон харуулж Монгол Улсдаа анх удаа олимпийн хос медальтнаар тодорлоо.

Тэрбээр үнэнхүү уран, гоё барилдсаныг үгээр зуран хэлж үл барна. Хэрвээ Солонгосын бөхтэй барилдаж байхдаа  хөлөө бэртээгээгүй бол олимпийн хос алтан медальтан болоход тийм ч хол байгаагүй гэх сэтгэгдэл улаан залаатай монгол хүн бүрийн сэтгэлд бууж, огшиж байсансан. Гэхдээ "Чамлахаар чанга атга" гэгчээр Лондонгийн 30 дахь олимпийн наадмаас мөнгөн медаль хүртэнэ гэдэг том аз төдийгүй эр зориг, бяр чадлын илэрхийлэл, их хувь заяа.                         

Н.Түвшинбаярын өмнөх олимпийн наадамд үзүүлсэн амжилтыг үнэлж Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин цол зэрэг хүртээсэн бол энэ олимпоос мөнгөн медаль, улмаар олимпийн анхны хос медальтан  болсон болохоор ямар шагнал өгвөл зохилтой вэ? Ер нь "Монгол Улсын баатар болгочихож яагаад болохгүй гэж..." хэмээн бөхөө дээдэлдэг эгэл жирийн иргэд өөр хоорондоо ярьцгааж байна. Зарим  нь "Монгол Улсын баатар цолыг Н.Түвшинбаярт өгчихөж яагаад болохгүй байхав. Харж л байя" хэмээх нь чих дэлсэв. Төрийн мэлмий харж л байгаа. 

Тийм ээ, Найдангийн Түвшинбаярт Монгол Улсын баатар цол хүртээе!


    Д.Сэрээтэр

Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш