logo
Зам засварын ажил оройтох нь ээ

Зам засварын ажил оройтох нь ээ

2012/08/07
Жил бүр өнгөө засдаг нийслэлийн автозамын засвар энэ жил харьцангуй сунжирч байна гэх шүүмжлэлийг дагуулсаар байна.

Бороо элбэг байгаагаас гадна санхүүжилт байхгүйгээс томоохон автозамын засвар шинэчлэлтийн ажил төлөвлөгөөний дагуу явж чадахгүй байгааг салбарынхан хэлдэг.

Тэгвэл одоогийн байдлаар Сансарын туннелийн зүүн урд уулзвар, 100-н айлын Сэлбийн голын урд гүүр, Сүхбаатарын гудамж, Монгол Улсын Их Сургуулиас Самбуугийн гудамж руу ордог уулзвар, 32-ын тойрог, Хайлаастын уулзвараас долоон буудлын эцэс хүртэлх 19 км зам, Тээврийн товчооноос хойшоо Үндсэн хуулийн гудамж хүртэлх 300 метр зам хаалттай байна. Эдгээр замуудыг есдүгээр сарын 1-н гэхэд засч дуусгана гэгдэж байгаа ч засварын ажил хугацаандаа дуусахгүй нь бололтой.

Мөн ойрын хугацаанд нэмж Сүхбаатарын гудамжны нийтдээ хоёр километр зам, 100-н айлын хос гүүр, Энхтайвны өргөн чөлөөний баруун хэсэгт 3.2 км зам, зүүн хэсэгт 4.5 км, Мөн Энхтайвны өргөн чөлөөний баруун хэсэг буюу нэгдүгээр хороолол хүртэлх замыг хааж засварын ажлыг нь эхлүүлэх юм байна. Зам засварын ажлыг хэрхэн гүйцэтгэх болон хэзээнээс хэсэгчилж хаахыг Замын цагдаагийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газартай хэлэлцэж тохирсны дараа гэрээнд заасны дагуу тодорхой болгодог юм байна.

Энэ жилийн хувьд зам засварын ажил он дамжин хийгдэж, 2013 оны наймдугаар сард дуусахаар төлөвлөгөөнд заагдсан байна. Харин орон сууцны хороолол доторх замуудыг наймдугаар сарын 15 гэхэд гүйцэтгэж дуусах ёстой гэнэ. Энэ ажил одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Харин иргэдийг удаан хүлээлгэсэн 22 товчооны замын хувьд одоогийн байдлаар далан дүүргэлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд аравдугаар сарын 31-нд ашиглалтад орох юм байна. Энэ онд ашиглалтанд орж байгаа шинэ замуудын тухайд "Хүчит шонхор" захын уулзвараас Далан давхарын уулзвар хүртэлх зам болон Баруун нарангийн үерийн далан буюу 22 товчооны наана шинэ гүүр барьж байна. Энэ гүүрийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд одоо хучилтаа хийх л дутуу байгаа аж.

Мөн Энгельсийн гудамжны гүүр буюу Нарны гүүрэн гарцын урд байрлах гүүрэн гарцын хучилтын ажил хийгдээд ашиглалтад өгөхөд бэлэн болжээ. Харин энэ жил Хөгжлийн банкны санхүүжилтээр 13 замыг засч, шинэчлэхээр гэрээ хийсэн байна. Гэвч одоогоор дөрвөн замын санхүүжилт хүлээгдэж байгаа юм. Бусад замууд нь гэрээгээ хийж, засварын ажил нь эхэлсэн ажээ.

О.Чанцалдулам
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш