Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Монгол Улсын Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-д заасныг тус тус үндэслэн Эрдэнийн Бат-Үүлийг Нийслэлийн Засаг даргаар томилж, батламжийг нь наймдугаар сарын 7-ны өдөр гардууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан шийдвэр гаргана хэмээн хуульд заасан хэдий ч төр, засаг нийслэлийн ажлыг гацаахгүй, шуурхай явуулах үүднээс шийдвэрээ гаргалаа гэдгээ Засгийн газрын тэргүүн С.Батболд батламж гардуулахдаа хэлж байлаа.
Нийслэлд хийгдэж байгаа олон ажлууд байгаа ч тулгамдаж буй асуудлууд ч цөөнгүй бий. Эдгээр ажлын ололт амжилттай явааг нь үргэлжлүүлж, эрч хүчийг нэмэгдүүлэх, засаж сайжруулах ажлыг нь шуурхай эхлүүлэхийг чиглэл болгож ажиллахыг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.
Төрийн албаны мэргэшсэн залгамж чанарыг хадгалах учиртай гэдгийг дахин анхааруулаад мөрийн хөтөлбөртөө тусгасан ажлуудаа амжилттай хийж хэрэгжүүлэхийг нийслэлийн 31 дэх Засаг дарга Э.Бат-Үүлээс хүслээ.
Шинэ Засаг дарга Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд нийслэлд хийгдэж байгаа сайн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хуулийн дагуу ажиллах нөхцөлийг нь бүрдүүлнэ гэдгээ хэллээ.
НИТХ-ын ээлжит бус чуулган 2012 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хуралдаж, Нийслэлийн Засаг даргад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд батламжлуулах тогтоолоо Ерөнхий сайд С.Батболдод өргөн бариад байсан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдын дээрх захирамжаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой нь холбогдуулан Гомбосүрэнгийн Мөнхбаярыг Нийслэлийн Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөллөө.