УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Уг хуралдаанаар бүлгийн зөвшилцөх ажлын хэсгийн мэдээллийг сонсчээ. Бүлгийн зүгээс гурван хүсэлтийг Ардчилсан намын бүлэгт тавьсан байжээ. Зөвшилцлийн явцад нэг хүсэлтийг АН-ын бүлэг хүлээн зөвшөөрч ойлголцсон гэнэ. Энэ хүсэлт нь тодорхой хэсгийн хороодын сонгуулийн саналын хуудсыг гар аргаар дахин тоолж, машины дүнтэй мөргөж байгаа эсэхийг нягталж эргэлзээг тайлах байжээ. Үүнийг олонхийн бүлэг хүлээж авсан аж. Гэхдээ зөвшилцөл үргэлжилж байгаа, цаашид ч үргэлжлэх болно хэмээн Н.Энхболд дарга хэллээ.
Мөн тэдний хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн зүйл бол УИХ-ыг хуулийн хүрээнд эмхлэн байгуулах ёстой. Цөөнхийг нугачин дарах байдлаар олонхи хүчээр асуудлыг шийдэж болохгүй. Цөөнхийн гишүүдийн байр суурийг сонсч байж УИХ нь шийдвэр гаргадаг олон улсын парламентын дэг жаягийг хүндэтэх ёстой гэсэн байр суурь байлаа.