logo
Дөрвөн байнгын хорооны даргыг сонголоо

Дөрвөн байнгын хорооны даргыг сонголоо

2012/08/08
УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан наймдугаар сарын 7-ны орой 18 цагийн орчмоос үргэлжилж, УИХ-ын зарим байнгын хорооны даргыг батламжлах асуудлыг хэлэлцлээ. Мөн өдөр үдээс хойш хуралдсан байнгын хороодын санал, дүгнэлтийг эхлээд ээлжлэн сонсохыг УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн юм. 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргад нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Ц.Цолмонгийн талаар гаргасан санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Цог уншиж танилцуулсан. Түүний төрийн албанд ажилласан туршлага, ур чадварыг нь харгалзан байнгын хорооны гишүүдийн зүгээс нэрийг нь санал нэгтэй дэвшүүлсэн юм байна.
Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цолмон уншиж, УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг тус байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болсныг дэмжиж өгөхийг хүссэн юм. 
Түүнчлэн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Улаан танилцуулсан. Тэрээр энэхүү мэргэжлийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг нэр дэвшүүлснийг дуулгаж, түүний товч намтрыг уншиж сонсголоо. 
Дараа нь Эдийн засгийн байнгын хорооны даргад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатарын талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл уншсан юм. 
Байнгын хороодын даргад нэр дэвшигчдээс асуух асуулт, үг хэлэх саналтай гишүүн байгаагүй тул санал хураалтыг УИХ-ын дарга З.Энхболд эхлүүлсэн. 
Ингээд нэр дэвшигч тус бүрээр илээр санал хураалт явуулж, байнгын хорооны даргад нэр дэвшигч бүх эрхмүүд дэмжигдсэн болно. 
УИХ-ын байнгын хорооны даргад нэр дэвшиж, дэмжигдсэн гишүүдийн талаарх УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболд уншиж, танилцуулахад эцсийн найруулгад саналтай гишүүн байгаагүй болно. 
Хэдийгээр байнгын хороод тус бүрийг 19 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулах ёстой ч одоогоор 16 хүнтэйгээр байгуулж байгаа гэдгийг УИХ-ын дарга хэлж байв. Тэрээр, МАН-ын гишүүдэд хоёр ч удаа бичиг явуулаад байгаа гэдгийг дурдаж, тэдэнд УИХ-ын байнгын хороодын бүрэлдэхүүнд орж ажиллах эрх, боломж нь нээлттэй хэвээр л байгаа хэмээн онцолсон юм. 
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдаан дууссаныг мэдэгдэж, маргаашнаас гишүүд хуралдаандаа мөн идэвхтэй оролцохыг сануулан алхаа цохилоо. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш