Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг сурвалжлан сонгогч иргэдэд гүүр болдог парламентын сэтгүүлчдийн тоо нэмэгдсээр байгаа. Энэ нь шинэ хэвлэл, мэдээлийн байгууллага олноор бий болж байгаатай холбоотой. Гурван жилийн өмнө УИХ-ын Тамгын газар, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс сэтгүүлчдийг Төрийн ордонд интернэтийн сүлжээтэй танхимтай болгосон нь хэвлэл, мэдээлийн хэрэгслийн газар дээрээс нь шууд мэдээлэх шуурхай үйл ажиллагаанд асар их ач холбогдолтой болсон юм.
Энэ удаа Ерөнхийлөгчийн Тамгын газар сэтгүүлчдэд зориулж бас нэг танхим нэмж нээхээр болжээ. Танхим Төрийн ордны гуравдугаар давхарт байрлах бөгөөд энэ наймдугаар сарын сүүл, ирэх есдүгээр сарын эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа юм байна. Шинэ танхимыг одоогийн танхимын нэгэн адил компьютерээр хангаж, интернэтэд холбох ажээ.
Д.ОЮУН