logo
Иргэдэд олгох нэг сая төгрөг байтугай 340 мянга нь ч сураггүй болов

Иргэдэд олгох нэг сая төгрөг байтугай 340 мянга нь ч сураггүй болов

2012/08/08
Төрөөс олгох нэг сая төгрөгөө бэлнээр авах хү­сэлт гаргасан 1.5 сая ир­гэн, үлдэгдэл  340 мянган төгрөгөө авах гэсэн 287.7 мянган ахмад настан, хөгж­лийн бэрхшээлтэй ир­­гэн хүлээсээр л сууна. Харам­салтай нь сонгуулийн үеэр өнөө маргаашгүй өгөх юм болоод байсан дээрх мөнгөний сураг тасрах нь бололтой.

Тодруулбал, Хүний хөг­жил сангийн тухай хууль, 2012 төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53 дугаар тогтоолоор нэг сая төгрөгийг эхний ээлжинд ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон. Үүний дагуу Засгийн газар дээрх  иргэдэд сая төгрөгийг 4, 5, 6 дугаар сард гурван удаа тэнцүү хувааж өгөхөөр тогтоосон билээ. Мөн нэг сая төгрөгөө бэлнээр авах хүсэлт гаргасан иргэд “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцаагаа аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр нь худалдаж мөнгөө авахаар болсон.

Энэхүү ажлыг төр зо­хион байгуулж өгөхөөр болоод дөрвөн сарын нүүр үзлээ. Наадмын өмнөх мэ­дээллээр иргэдийн хувь­цааг худалдан авах аж ахуйн нэгжүүдээс төвлөрсөн мөнгө 3.8 тэрбум боллоо гэж  Татварын Ерөнхий газраас мэдээлж байсан. Уг нь дэлхийд тэргүүлэх сайн чанарын нүүрсний нөөцтэй Таван толгой ордод гол тоглогч болох “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг аж ахуйн нэгжүүд булаалдаад авах учиртай.

Гэвч яагаад хувьцаа худалдан авах аж ахуйн нэгжийн тоо бага байна вэ. Үүнийг судлаачид “Түүхий Таван толгойгоос юу авна гэж хувьцааг нь авах билээ” гэж тайлбарладаг. Энэ нь төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдрийн байдлаар юу ч үгүй сууж байгаатай холбоотой. Аливаа компанийн хувьцааны үнэд дэд бүтцийн асуудал их нөлөө үзүүлдэг. Тэгвэл “Эрдэнэс Таван толгой” компанид нүүрсээ тээвэрлэх төмөр зам, боловсруулах үйлдвэр, цахилгаан станц зэргийн аль нь ч ажлаа эхлээгүй байна. Тиймээс тус компанийн хувьцааг худалдан авах сонирхолтой аж ахуйн нэгжүүд тийм ч их биш байгаа аж. Заавал аж ахуйн нэгжид иргэдийн хувьцааг худалдсаны дараа иргэдэд мөнгийг нь өгөхөөр болсон учраас нэг сая гаруй иргэндээ бүгдэд нь мөнгө өгөхөд нэлээд хугацаа шаардагдах нь тодорхой болоод байна.  

Харин өндөр настан, хөгж­лийн бэрхшээлтэй ир­гэдийн хувьд одоогийн байд­лаар Архангай, Дунд­говь, Дархан-Уул аймагт  үлдэгдэл 340 мянган  төг­рөгийг олгоод байгаа. Үлдэж буй иргэдэд дээрх мөнгийг олгохын тулд 70-90 тэрбум төгрөг хэрэгтэй аж. Энэ хөрөнгийг Сангийн яам, Татварын  Ерөн­хий газар зэрэг хол­богдох байгууллага төв­лөрүүлэх үүрэг хүлээж байгаа. Тэд “Европоос га­ралтай эдийн засгийн хям­ралаас шалтгаалаад дотоо­дын татварын орлогын бүрдэлт хүндрэлтэй байна. Дээр нь сонгуулийн жил учраас аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаандаа бол­гоомжтой хандаад байх шиг байна. Тэгэхээр мөнгийг яг тэдэн сард өгнө гэж хэлэх боломжгүй. Ямар ч байсан Монгол Улсын төсвийн хуу­лийг бид хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс энэ ондоо багтааж 340 мянган төгрөгийг олгоно” гэсэн хариултыг өгч сууна.

Төрийн  энэ  бэлэн мөн­гөний амлалттай холбоотой өөр  нэг  асуудал нь иргэн бүрт олгох 21 мянган төгрөгийн санхүүжилт дууссан гээд зарим хүн мөнгөө авч ча­дахгүй байгаа. Хөдөлмөр ха­ламжийн газраас мэдээлэл авахад 21 мянган төгрөгийн төлөвлөсөн хөрөнгө дууссан гэлээ. Өөрөөр хэлбэл, энэ онд Хүний хөгжил сангаас олгох 21 мянган төгрөгт зарцуулахаар төлөвлөсөн мөнгө нь дуусаад байгаа аж. Тиймээс хаана, ямар тооцоо судалгааны зөрүү гарсныг олж, санхүүжилтийг олох гэж мөн л багагүй хугацаа зарцуулах нь ээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш