Сири улс гадаадын хөлсний этгээдүүдийн эзэмшлийн газар болон хувирч байна. Сирийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар өчигдөр засгийн газрын цэрэг Түрк, Саудын Аравийн хэсэг офицерийг Алеппо хотноо баривчилжээ. Сирийн эдийн засгийн төв болох энэ хотод армийн анги салбарууд «Сирийн чөлөөт армийн» тулаанчдын эсрэг өргөн хүрээтэй ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Гадаадын хөлсний цэрэг хотын хороолол, суурингуудыг эзлэж, «Сирийн чөлөөт армид» шилжүүлэн өгч байна. Түркийн өмнөд Адан хот орчмын нууц баазаас сирийн сөрөг хүчинд үзүүлэх цэргийн тусламжийг зохицуулж байна гэж үүний өмнө өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн билээ. АНУ-ын Цэргийн нисэх хүчний бааз Түрк, Саудын Арави, Катарын хамтран байгуулсан дээр дурдсан нууц баазын ойролцоо оршдог.
«Түрк, Саудын Аравийн офицерууд ажиллагаанд оролцсон нь шинэ тохиолдол биш. Учир нь Түрк ба арабын хэдэн улс Сирийн чөлөөт арми гэгчийг сургаж, зэвсэглэж, сургагчдаар хангаж байгааг нийтээр мэднэ. Энэ зорилгоор Түрк, Ливийн нутаг дэвсгэрийг ашиглаж байна. Гадаадын хөлсний цэрэг иргэний дайны шинэ үе шатанд оролцож байгаа нь гайхал төрүүлэхгүй байна. Тэд сургагч буюу зөвлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа байх. Тэднийг баривчилж, хэвлэл мэдээлийн хэрэгслүүдээр үзүүлэх нь байдалд огт нөлөөлөхгүй. Дээр дурдсан улсуууд сирийн сөрөг хүчнийг ил шууд дэмжиж байна» .
Барак Обама сирийн босогчдод тусламж үзүүлэхийг ТТГ ба америкийн бусад тусгай газарт зөвшөөрсэн захирамжид гарын үсэг зурсан гэж өчигдөр АНУ-ын засаг захиргааны нэрээ дурдахаас татгалзсан төлөөлөгч мэдэгдэв. Америкийн бүгд найрамдах намын сенатчид Сирид зэвсэгт сөрөг хүчинд идэвхтэй дэмжлэг үзүүлж эхлэхийг АНУ-ын засаг захиргаанаас шаардсан тухай «Вашингтон пост» сонин мэдээллээ. АНУ Сирид цөмрөн орохоос татгалзаж байгаа нь цуст мөргөлдөөнийг сунжруулах уршигтай болж мэднэ гэж санаачилга дэвшүүлэгчид үзэж байна.
«Америкийн сенатчид сирийн зэвсэгт сөрөг хүчинд цэргийн дэмжлэг шууд үзүүлэхийг Обамагоос шаардсан нь мэдээжийн хэрэг. Ялангуяа бүгд найрамдах намын гишүүд энэ тухай аль хэдийнэ ярьцгааж эхлэсэн. Харин ийм шаардлага анх удаа ил шууд тавьсан нь өөр хэрэг. Обама энэ санаачилгыг одоо дэмжихгүй гэж бодож байна. Юу гэвэл сонгуулийн өмнөх чиг шугам нь АНУ Ойрхи Дорнодод шинэ дайн дэгдээж, хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн үзэл санааг үндэслэж байна. Гэсэн ч дэмжлэг шууд үзүүлэх ямар нэг хэлбэрийг сонгож авч болзошгүй. Ер нь Ойрхи Дорнод дахь америкийн төлөөний этгээдүүд ийм дэмжлэг аль хэдийнэ үзүүлж эхлэсэн» байна.
Саяхан дэлхийн телевизүүдийн сувгаар сирийн сөрөг хүчний эзлэсэн сири-түркийн хилийн боомтыг үзүүллээ. Дүрс бичлэгт босогчид «Аль-Каидын» туг барьж зогсож байна. Алжир, Саудын Арави, Египет, Тунис улсуудын иргэд Сирид Башар Асадын эсрэг байлдан дайтаж байгаа ажээ. «Аль-Каидын» 6 мянгаас цөөнгүй дайчин сирийн сөрөг хүчний талд байлдан дайтаж байна гэж Саудын Аравийн « Al-Sharg» сонин Иорданийн тусгай албаны мэдээллийг үндэслэн бичжээ. Сүүлийн үед Сирийн хэрэгт хөндлөнгөөс оролцох ажиллагаа гаарсан учир эдгээр дайчдын тоо хэд дахин нэмэгдэв. Хэрэв одоо АНУ сирийн сөрөг хүчнийг шууд дэмжиж эхлэвэл энэ нь тус улс Башар Асадыг огцоруулах зорилгоор «Аль-Каида»-тай сүлбэлдэн хамсах 2 дахь тохиолдол болно. Урьд АНУ Афганистанд зөвлөлтийн цэргийн эсрэг тус бүлэгтэй ийнхүү хамссан билээ.