logo
Ч.Улаан УИХ-ын дэд даргаар, З.Баянсэлэнгэ Байнгын хорооны даргаар томилогдлоо

Ч.Улаан УИХ-ын дэд даргаар, З.Баянсэлэнгэ Байнгын хорооны даргаар томилогдлоо

2012/08/09
УИХ-ын анхдугаар чуулганы наймдугаар сарын 8-ны нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох, зарим байнгын хороодын дарга нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь “МАХН-МҮАН-ын шударга ёс” бүлгээс УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж саналаа ирүүлсэн гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлж, тус бүлгийн зүгээс санал, дүгнэлтээ танилцуулахыг хүслээ.
Тус эвслийн бүлгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батцэрэг төрийн ажлын дадлага, туршлагыг нь харгалзан УИХ-ын гишүүн Ч.Улааныг зургаа дахь удаагийн УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлж байна хэмээгээд түүний намтрыг уншиж танилцуулсан юм.
Нэр дэвшигчээс асуулт, саналтай гишүүд байгаагүй тул чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дунд санал хураалт явуулахад 97,6 хувиар дэмжигдэн, УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн Ч.Улаан сонгогдлоо.
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулан, батлагдсан өдрөөс дагаж мөрдөхийг дуулгасан.
Дараагийн асуудал болох зарим байнгын хорооны даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүдийн талаар чуулганы хуралдаанаар хэлэлцлээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл уншсан. Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгийг нэр дэвшүүлж, дэмжигдсэнийг тэрээр танилцуулсан юм.
Дараа нь Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Р.Гончигдорж уншиж танилцуулсан. Тэрээр Хууль зүйн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийн нэрийг санал нэгтэй дэвшүүлж буй гэдгийг сонсгосон юм.
Байнгын хорооны даргад нэр дэвшигчдээс асуулт, санал хэлэх хүн байгаагүй тул санал хураалт явуулж, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ 100 хувийн саналаар, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж мөн 100 хувийн саналаар нийт гишүүдийн дэмжлэг авч, байнгын хорооны даргаар батламжлагдсан юм.
УИХ-ын дарга З.Энхболд эдгээр байнгын хорооны даргаар сонгогдсон гишүүдийн талаарх УИХ-ын тогтоолын төслийг уншиж, тэдэнд баяр хүргэн, амжилт хүслээ.
Өргөдлийн байнгын хорооноос бусад байнгын хорооны дарга сонгогдож дууссан гэдгийг тэрээр хэлээд, байнгын хороод дэд хороодоо байгуулах ёстойг онцолсон.
Түүнчлэн яг одоо МАН-ын гишүүд хуралдаж байгаа гэдгийг УИХ-ын дарга хэлж, МАН-ын гишүүд удахгүй хуралдаандаа сууна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш