logo
Н.Энхбаяраар бамбай барих  МАН-ын найдлага тасарлаа

Н.Энхбаяраар бамбай барих МАН-ын найдлага тасарлаа

2012/08/09
Н.Энхбаярт дөрвөн жилийн ял оноолоо. Ёстой мэргэжлийнхний хэлээд байгаагаар Монголын шүүхийн “чих хатуурчээ”. Н.Энхбаярт л ял оноочихоосой хэмээн хүсч байсан МАН-ын мөрөөдөл бол биеллээ. Гэвч “Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн дарга Н.Батцэрэг  Бүлгийн хурлаараа хамтарсан засгаас гарах тухай огт хөндөөгүй гэдгийг өчигдөр албан ёсоор хэвлэлийнхэнд хэлсэн. Арга ч үгүй шүү дээ. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг  “Шударга ёс” эвслийг Засгийн газарт урина гэдэг ёстой “Аманд өөрөө ороод ирсэн шар тос” гэхээс өөр аргагүй.
Ийн МАН-ын мөрөөдөл талаар өнгөрөв. Уг нь тэдний хүссэнээр Н.Энхбаярыг бариад хорьчихвол “Шударга ёс” эвсэл Засгийн газарт орохоос татгалзаж, АН олонхи болохын тулд  МАН-ыг хүссэн хүсээгүй урих л болно гэж тооцоолж байв. Гэтэл АН, МАН-гүйгээр анхны чуулганаа  хуралдуулж, УИХ-ын даргаар З.Энхболдыг олонхийн саналаар сонгож, бүүр бүтцийн байгууллагуудаа байгуулаад эхлэв.
МАН хэдийгээр тэднийг Үндсэн хуулийн цэцэд ховлосон ч Монголын толгой хуульчдын үзэж буйгаар АН хуулийн дагуу л ажиллаад байгаа гэнэ. Энэ янзаараа бол МАН-гүй ажил явдгаараа явж, урагшладгаараа л урагшлах нь. Магадгүй МАН нүдээ нээсэн ч чихээ бөглөөд суусныхаа “ачаар” өөрсдөө л юм юмнаас хоцрох шинжтэй. Нийслэлийн шинэ Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад өргөн барьчихлаа. Өнөө маргаашгүй шинэ Ерөнхий сайдын нэрийг УИХ-д өргөн барих тухай мэдээлэл ч сонсогдоод эхэллээ. Тэгэхээр төрийн ажил зогсолтгүй эргэх ёстой гэсэн алтан дүрмээр амьдралын хүрд эргэсээр байна. МАН харин одоогоор 25 суудал биднийх нь үнэн гэж л сууна.
Гэвч 25-тай ч 25-гүй ч бид олонхийн саналаар асуудлыг шийдэж чадна. Ард түмнийхээ сонголтыг хүндэтгэж ажлаа хийнэ ээ гэсэн АН-ын хүслээр УИХ-ын шийдвэрүүд ар араасаа гарсаар байх нь тодорхой боллоо. Яг үнэндээ МАН-ын гишүүд чуулганд оролцохгүй байснаар нам нь хохирч, гишүүд нь завших нь. Танхимд сууж “хэрүүл” хийхээр гадаад улс орноор гахай шувууны мах эргүүлсэн шигээ явж, цалингаа бүтэн аваад зуны сарыг зугаатай өнгөрүүлэхээс илүү сайхан амралт гэж юу байхав.
 Наадмын дараа намар гэгчээр их ажлын улирал эхэллээ. Энэ зун хур бороо элбэгтэй байсан нь нэг талаар тариа ногооны ургацад сайн ч нөгөө талаараа зуны л гэж тодотгодог олон ажлыг хойш чангаалаа. Гэтэл бид үсрэнгүй хөгжлийн босгон дээр байна хэмээн баярласаар суутал дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасаар…
 “Төрийн данс улайсан, хоосон хүнээс хоёр чихийг нь таслаад ав л даа” гэх нь холгүй Сангийн яам, Засгийн газар мөнгөгүйгээ гайхуулж байна. Засгийн газрын үйл ажиллагаа ч илт суларсан  гэдгийг хүн бүр л мэдэрч байна.
МАН тэгэхээр “найдлага тасарлаа” гэдгийг мэдэрч, хэдэн гишүүнээ танхимд нь оруулбал яасан юм бэ. Монголын баруун хязгаар Увсаас өөрсдийнхөө сонгосон гишүүнийг чуулганыхаа танхимд суугаад үг хэлэхийг харах гэж нүдээ чилээж байгаа хөгшид хэд билээ. Магадгүй амьдаар нь холоос харсан болохоор зурагтаар ойроос харахыг хүсч ч байгаа юм билүү. Гэтэл мань гишүүн лав эхний сарын ажлаа хийдүүлээд гадаадаар зугаалж явдаг.  Намайг л сонговол та нарынхаа асуудлыг шийдээд өгнө гэсэн сайхан үгээ аль хэдийнэ мартаад “Намдаа хандиваа өгчихлөө. Сонгууль болчихлоо. УИХ-ын гишүүнээр сонгогдчихлоо. Хэрэг ч бүтлээ” гээд дээшээ харж яваа. Хэрвээ МАН гишүүдээ ажил хийлгэхгүй юм бол сонгосноороо сонгогчид нь ажлаа хийхийг шаардах эрх эдлэх хэрэгтэй болох ч юм бил үү

Нийгмийн толь


 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш